Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ

Ч.Сумъяабазар
08 сарын 29, 2026

Монгол Улсад нүүрсийг шингэрүүлж, шатахуун үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжийг судалж эхэлжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Хятадын төрийн өмчит “China Energy” компанийн охин компанийн төлөөлөлтэй уулзаж, Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн боломж, нөхцөлийн судалгаа болон техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулж танилцуулах санал тавьсан байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр, сайд Г.Дамдинням “China Energy” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

“China Energy” нь Өвөр Монголын Ордос хотод байрлах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр”-ийг эзэмшдэг. Тус үйлдвэр өдөрт 10 мянган тонн нүүрс боловсруулж, жилд 1 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлжээ.

Энэ хүрээнд Монгол Улсад ижил төрлийн үйлдвэр байгуулах боломж, нөхцөлийг судалж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулах саналыг сайд Г.Дамдинням Хятадын талд тавьсан байна.

Харин China Energy-ийн тал уг саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар болжээ.

Ингэснээр Монгол Улсад нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудал иргэний санаачилга, онолын түвшний хэлэлцүүлгээс цаашилж, холбогдох яам болон энэ чиглэлийн үйлдвэрийн туршлагатай компанийн түвшинд судалгаа, ТЭЗҮ боловсруулах асуудал болж эхэлж байна.


Өвөр Монголд ийм үйлдвэр аль хэдийн ажиллаж байна

Монголын талын судлахаар болсон технологийн бодит жишээ нь Өвөр Монголын Ордос хотод бий.

“China Energy”-ийн эзэмшдэг “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” өдөрт 10 мянган тонн нүүрс боловсруулж, жилд 1 сая тонн шатахуун үйлдвэрлэдэг. 

Тус үйлдвэр нь нүүрсийг шингэрүүлж, шингэн түлш болгон боловсруулах үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй бүс нутгийн томоохон жишээ юм.

Өвөр Монголын нүүрс-химийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд мөн өргөжин хөгжиж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Хятадын томоохон нүүрс олборлогч бүсүүдийн нэг Өвөр Монгол нүүрснээс тос, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тус бүс нутаг нь Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэлийн төв бөгөөд нүүрсийг зөвхөн эрчим хүч болон түүхий эдийн зориулалтаар ашиглахаас гадна нэмүү өртөг шингэсэн химийн болон шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар хөгжүүлжээ.

Гэхдээ нүүрсийг шингэн түлш болгон боловсруулах үйлдвэр нь их хэмжээний хөрөнгө оруулалт, ус болон эрчим хүч шаарддаг технологи юм. Ийм үйлдвэр байгуулах байршил, усны эх үүсвэр, технологи, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн өртөг нь Монголд хийх судалгааны гол асуудлуудын нэг болох төлөвтэй байна.


Монгол Улс шатахууныхаа 97 хувийг ОХУ-аас импортолдог

Нүүрснээс шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах асуудал Монгол Улсын шатахууны хангамжийн хүндрэлтэй давхцаж байна.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор хангадаг бөгөөд импортын 97 хувь нь ОХУ-аас хамаардаг.

Тиймээс ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын бодлого болон нийлүүлэлтийн нөхцөл Монголын шатахууны зах зээлд шууд нөлөөлдөг.

Энэ сарын эхээр Монгол Улсад шатахууны хомсдол үүсч, зарим шатахуун түгээх станц борлуулалтад хязгаарлалт хийсэн. Тодорхой хугацаанд Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын зохицуулалтаар шатахуун түгээх арга хэмжээ хүртэл авч байв.

Үүний зэрэгцээ ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл, дотоодын зах зээлийн нийлүүлэлт болон экспортын хязгаарлалт Монголын хувьд түлшний импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх асуудлыг дахин анхаарлын төвд авчирчээ.


Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орох зорилттой

Монгол Улс шатахууны импортын хамаарлыг бууруулах өөр нэг томоохон төсөл хэрэгжүүлж байгаа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр юм.

Засгийн газар уг үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьж байна.

Төслийн төлөвлөгөөгөөр үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд:

  • 824 мянган тонн дизель түлш,

  • 396 мянган тонн АИ-95 бензин,

  • 80 мянган тонн онгоцны түлш,

  • 17 мянган тонн зуухны түлш,

  • 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий

үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Албаныхны тооцооллоор үйлдвэрийн бүрэн хүчин чадлын үйлдвэрлэл Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 55 орчим хувийг дотоодоос хангах боломжтой.

Гэвч газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч Монгол Улс шатахууны хэрэгцээгээ бүрэн дотоодоос хангахгүй бөгөөд тодорхой хэмжээгээр импортоос хамааралтай хэвээр байх төлөвтэй байна.

Мөн 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилт тавьсан ч бүтээн байгуулалт өмнөх жилүүдэд удааширсан тул төслийн хэрэгжилтийн хугацаа анхаарал татсан асуудал хэвээр байна.

Шатахууны хомсдолын үед эхэлсэн шинэ судалгаа

Монгол Улсад нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх асуудал өмнө нь судалгааны түвшинд яригдаж байсан ч энэ удаагийн хөгжлийн онцлог нь Хятадын China Energy компанийн эзэмшдэг, Ордост аль хэдийн ажиллаж буй үйлдвэртэй холбоотой юм.

Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам уг компанийн талд Монголд үйлдвэр байгуулах боломжийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах санал тавьж, Хятадын төлөөлөгчид судалгаа, тооцоог боловсруулж танилцуулахаар болсон байна.

Судалгаагаар Монгол Улсад үйлдвэр байгуулах боломжтой гэсэн үр дүн гарсан тохиолдолд дараагийн шатанд үйлдвэрийн байршил, хүчин чадал, ашиглах нүүрсний төрөл, ус болон эрчим хүчний хангамж, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг асуудал тодорхой болох юм.

Одоогоор үйлдвэр барих шийдвэр гараагүй байна.

Харин шатахууны хангамжид хүндрэл үүсэж, Монгол Улс импортын бүтээгдэхүүнээс өндөр хамааралтай хэвээр байгаа энэ үед нүүрсний нөөцөд түшиглэн шатахуун үйлдвэрлэх боломжийг төрийн түвшинд шинээр судалж эхэлсэн нь энэ удаагийн гол өөрчлөлт болж байна.


Эх сурвалж: 

https://mmhi.gov.mn/
https://mongolrefinery.mn/


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.