ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий 1/8 буюу хасагдах шатны 16-гийн анхны тулаанд Казань хотын “Казань арена” цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр Франц-Аргентины шигшээ багууд өрсөлдөж, францчууд 4:3-аар хожиж 1/4 шигшээд шалгарлаа.

Энэ хоёр багийн халз тулааны анхны гоолын салхийг Францын Гризманн 13 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулж хагаллаа. Харин эхний хагасын 41 дэх минутад Аргентины хагас хамгаалагч Ди Мария Анхель тэнцээний гоолыг хийсэн бол хоёрдугаар хагас эхлээд 3-хан минут өнгөрч байхад Аргентины хамгаалагч Меркадо Габриэль /48 дахь минут/  гоол оруулж 2:1-ээр мексикчүүд тэргүүлж эхэлсэн.

Харин энэ тэргүүллийг Францын хамгаалагч Павар Бенжамен зогсоож, 57 дахь минутад Аргентины хаалганд тэнцээний гоолыг оруулж 2:2 болгов. Хамгийн чухал хожлын гоолуудыг Францын довтлогч Мбаппе Килиан 64 болон 68 дахь минутад дараалан оруулснаар францчууд 4:2-оор хошуучилж эхэлсэн юм.

Аргентинчууд  хоёрдугаар хагасын сүүлийн 20 гаруй минутад хариу гоол хийхээр нэлээд шургуу тэмцсэний дүнд 90 дэх минутад Агуэро тооны харьцааг 4:3 болгосон ч дахин гоол оруулж чадалгүй энэ удаагийн тоглолт өндөрлөв.

Ийнхүү францчууд 4:3-аар Аргентины шигшээ багийг ялж 2018 оны ДАШТ-ий 1/4 шигшээд хүчээ сорихоор шалгарч үлдлээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг