Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн байж болзошгүй хэргээр Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж байна.

Түүнийг арилжааны банкинд тогтоосон хэмжээнээс хэт бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө гаргаж орон сууц худалдан авсан гэх хэрэг дээр баримтуудыг АТГ-т иржээ.

АТГ-аас гадаад улсад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч Монгол улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон учир тус улстай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулах зохицуулалт байдаг. Тиймээс АТГ-аас хүсэлтээ илгээж тодорхой мэдээллийг олж авчээ.

Одоогоор арилжааны банкуудад зээл олгохдоо тогтоосноос бага хүүтэй өгсөн нь тогтоогдсон. АТГ2018 оны зургадугаар сард Монголбанкинд уг хууль бус шийдвэрийг хүргүүлсэн удаатай. Энэ дагуу Монголбанкнаас ажлын хэсэг байгуулж, асуудлыг шалгаж үзэж юм.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй уг хэрэг 2 дугаар улиралд шийдэх зорилт тавин ажиллаж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдэгдсэн юм. Эргэн сануулахад Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны захирлуудын нэгээр ажиллаж байсан аж. Энэ нь түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад Монголбанкнаас баталгаа гаргаж өгөхөд хүргэсэн гэсэн хардлага явдаг.