“PEAK зочин" буланд уран нугараач, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч, "Нарны цирк"-ийн гоцлол жүжигчин А.Уранбилэгтэй ярилцлаа. Тэрбээр энэ баасан гарагт Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох “Зүүдний цирк” тоглолтын гол дүр болох Селиа дүрийг бүтээж буй юм. Саяхан ОХУ-д зохиогдсон олон улсын циркчдийн “Princess Festival” оролцож хүрэл титмийн эзэн болжээ.

Мөрөөдлөөсөө хэзээ няцаж үзээгүй “Ангарагийн нугардаг”

Уран нугараач Уранбилэг гэхээр нэр минь хүртэл цаанаасаа уран нугаралттай холбоотой юм шиг санагддаг. Багад манай хамаатан саднууд голдуу овгоор минь “Ангарагийн нугардаг” л гэдэг байлаа. 

Миний мөрөөдөл цирк үзсэнээс эхлэлтэй. Дөнгөж таван настайдаа Улсын циркэд уран нугаралтын үзүүлбэр үзээд харцаа ч салгаж чадаагүй. Тэр үед би мөрөөдлөө олсон. Гэртээ хариад энд тэндгүй өнхөрч эхэлсэн дээ. (инээв) 

Бичлэг үзэх:

Эмээ, ээж хоёр маань намайг анзаараад Төрийн шагналт, Гавьяат жүжигчин, уран нугараач Дашпунцагийн Мажигсүрэн гэж эрхэм хүнтэй уулзан шалгуулж байлаа. Тухайн үед “Арай бага байна. Энэ дасгалуудыг хийж бай, таргалж болохгүй шүү. Дараа хүрээд ир” гээд явуулсан. 


Гар дээрээ тогтож сурсан 7 настай А.Уранбилэг Багшийнхаа хэлснээр тэр өдрөөс хойш заасан дасгалуудыг нь хийгээд, хоолоо цэгнээд хэрэндээ л хичээсэн. Ингээд долоон нас хүрээд багштайгаа уулзаж уран нугаралтын урлагаар хичээллэж эхэлсэн юм. Д.Мажигсүрэн багш маань аман дээр тогтох үзүүлбэрийг дэлхийд анх зохиосон гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэр цагаас хойш нугаралтын нэг ч хичээлээ тасалж үзээгүй. Намайг бэлтгэлд маань голдуу хүргэдэг хүн маань өвөө байв. 

Хуучны хүн тул нэг минут ч хоцроохгүй хүргэж өгдөгсөн. Бас яг цагтаа авна. Багш хааяа энэ дасгалаа давтаарай гээд хэлчихвэл өнөөх дасгалыг хэд давуулж хийлгэнэ шүү дээ. Өвөөгийнхөө энэ зарчимч занг би дуурайсан гэж боддог.

Хүүхэд насыг ханатлаа амсаагүй ч харамсаж үзээгүй

Зургаан настайгаасаа нугарч, есөн настайгаасаа “Сарны чулуу” дуу бүжгийн чуулга”-д нугараачаар ажиллаж эхэлсэн. Өглөө нь хичээлдээ яваад өдөр бэлтгэлдээ очиж, орой нь тоглолт руугаа яараад л гүйнэ. Маш завгүй, амьдралын минь аз жаргалтай үеүдийн нэг. 

Эргээд бодохоор хүүхэд насаа алгассан юм шиг санагддаг.  Хүүхдүүд шиг завтай үе нэг ч гарахгүй, гадаа гарч тоглож бараг үзээгүй. Дугуй ч унаж сураагүй. Гэхдээ үүндээ харамсаж байгаагүй, би дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж явсан. Хүүхдүүд ээж аавдээ эрхлээд гүйж явахад би цалингаа аваад тийм зүйл авна гээд төлөвлөнө, аваад баярладаг хүүхэд байсан. Гэсэн ч би тэр үеүдэдээ хайртай. Цаг хугацааг эргүүлсэн ч би дахиад л уран нугараачийн амьдралыг л сонгох болно. Хаяахан гэрийнхэн хөдөө, ангиараа зугаалгаар явахаар болсон ч “Бэлтгэлтэй” гээд хоцорно. Үнэндээ миний хүсэж тэмүүлсэн мөрөөдөл минь хэтэрхий том байсан хэрэг. 

Хүмүүс надаас “Чамд шантрах үе байсан уу” гэж их асуудаг. Байлгүй яахав дээ, уйлсан, гэхдээ маш бага уйлсан шүү. /инээв/  Өвдөлт, хэцүү зүйлс зөндөө таарсан ч мөрөөдлийг минь давж гарч чадаагүй гэж боддог. Тэр хичээж халширч байсан мөч бүхнийхээ төлөө баяр хөөр, азжаргал, амжилтыг мэдэрч байсан.

Өчигдөр гэхэд “Зүүдний цирк” тоглолтын зураг авалтад оролцож хуучин циркийн байранд үүрийн 4 хүртэл зураг авахуулсан. Байр нь ямар ч халаалтгүй дээр үеийнхээрээ тул бараг гадаа байгаа юм шиг салхи сийгэж байна лээ. Циркчин Д.Лхагва-Очир маань гэхэд богино өмдтэй, цээж хөлөөрөө нүцгэн. Нэлээд даарсан. Нурууны арьс хуулраад зөндөө улайчихсан байна лээ. Зарим үзүүлбэрийн үеэр гуя, хүзүү хүртэл холгогдоод арьс нь хууларчихдаг. Хөл гар хугарахын дэргэд энэ юу ч биш л дээ. Циркчин хүний л амьдрал. 

Намайг дуудсан “Нарны цирк”


“Нарны цирк” дэлхийн номер нэг цирк. Интертайнмент ертөнцөд маш том байр суурь эзэлдэг. Циркчин болгоны мөрөөдөж явдаг газрын нэг. Анх шалгаруулалтад орох урилга ирэхэд нь үнэхээр амжаагүй тул шалгуулж чадаагүй. Гэтэл 2019 онд надад “Нарны цирк”-ээс соло үзүүлбэрээр ажиллах урилга ирсэн. Миний 19 жилийн мөрөөдөл биелж байгаа тэр мөчийг үгээр хэлэхэд бэрх. Мөрөөдлийнхөө циркийнхээ нэг хэсэг болох нь гэж бодохоор маш их догдолсон.

Өнгөрсөн жил “Нарны цирк”-ийн усан онгоцны тоглолтод оролцож яваад тэнд 100 хоног ганцаараа тусгаарлагдсан. Усан онгоц дээр ковидын халдвар илэрсэн учраас авсан арга хэмжээ нь тусгаарлалт байв. 

Хүнтэй уулзахгүй, өрөөнөөсөө гарахгүй, хөдөлгөөнгүй шахам өнгөрсөн 100 хоног. Үүний дараа Монголдоо хүрч ирээд үргэлжлээд 35 хоног тусгаарлагдсан. Огт тоглолтгүй, үзүүлбэргүй байсан ч өдөр бүр бэлтгэлээ хийсэн. 

Амьдралын минь мартагдахааргүй үеийн нэг.  Хэцүү гэхээс илүү энэ олон жил бэлтгэл сургуулилт гэж завгүй өдрүүдийн амралт гэж би харсан.  

Уранбилэг гэж хэн бэ, ямар хүн бэ гэдгээ таних, ойлгох цаг хугацаа надад олдсон гэж би боддог. Толинд хараад л өөртэйгээ ярина. Зүгээр суусангүй, онлайнаар тэмцээнд оролцохоор бичлэгээ илгээж амжилттай оролцсон.  


Бид эвлэгдэн засагдахыг хүлээж буй “Эвдэрхий хүүхэлдэйнүүд” 

"Эвдэрхий хүүхэлдэй" үзүүлбэрийн зураг 

Уран бүтээлчид маань ковидын үед яг л эвдэрхий хүүхэлдэй шиг зогсонги байдалд орчихлоо. Иймээс би “Эвдэрхий хүүхэлдэй” нэртэй бүтээлээрээ ОХУ-д болсон "Princess Festival" олон улсын циркчдийн тэмцээнд оролцсон юм.

Эвдэрсэн хүүхэлдэй амилах гэхээр л дахиад л нураад уначихдаг. Босох гэж хэчнээн тэмүүлэвч тэнцэж чадахгүй унаад л байдаг. Хүүхэлдэй эвдэрхий хэвээрээ үзүүлбэр дуусдаг. 

Үзүүлбэрийн туслах хэрэгсэлд маань хуучин хүүхэлдэйнүүд дутаад цахим хуудастаа пост оруулсан юм. Гэтэл зөндөө хүн холбогдож, толгой, өрөөсөн гар нь тасарчихсан эвдэрхий тоглоомуудаа өгсөн шүү. Надад туслах ийм олон хүн байгаад баярлаж урам зориг дүүрэн сэтгэлээр тэмцээндээ яваад хүрэл титмийг нь зүүгээд ирсэн. /инээв/


Бодол биелдэг гэхдээ хөдөлмөрлөсний эцэст...Ярилцлагын үеэр 

Зарим хүмүүст итгэмээргүй, хоосон зүйл шиг санагдаж болох юм. Гэхдээ л би бодол биелдэг гэдэгт итгэдэг. 

Сайн зүйлс бодоод сайн үйлс хийж яваа хүнд муу зүйл хэзээ ч тохиохгүй. Аливаа нөхцөл байдал тэр хүний өмнө зориулсан хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим нь гэж боддог. Ном уншиж, төсөөлөх дуртай байсан минь нөлөөлсөн болов уу.

Орос руу явахынхаа өмнө тэмцээний хөтөлбөр хартал шагнал гардуулах ёслол нь миний төрсөн өдрөөр таарч байв. 

Гэрийнхэн, найзууддаа “Эндээс шагнал аваад өөртөө төрсөн өдрийн бэлэг бэлэглэе” гэж тоглож хэлсэн юм л даа. (Инээв) Гэтэл үнэхээр хэлсэн маань биелэж хүрэл титмийн эзэн болсон.


Би аз жаргалын эрэлчин

“Хаана ч явсан инээж явах юм. Уйлдаг уу, уурладаг уу” гэдэг юм. Ямар робот биш дээ. Хүн л юм чинь гуньж гутарна. Угаасаа хар цагаан ээлжлэх нь амьдралын хууль юм. Таагүй зүйл тохиолдлоо гээд нурмайгаад л, хамаг зовлонг өөр дээрээ үүрээд байж болохгүй шүү дээ. Би  асуудал гарвал яаж шийдэх вэ гэсэн асуултыг өөртөө тавьж, гарц гаргалгаа хайдаг.  

Болоод өнгөрсөн зүйлд санаа зовж, эсвэл ирээдүйд яах бол гэж шаналах дургүй. Би одоо цагтаа амьдардаг хүн. Өнөөдөр хоёулаа ярилцаж байна. Яг энэ мөч дахиад тохиохгүй шүү дээ. Өглөө сэрэхэд цас орчихсон байхыг цонхоор хараад баясаж чадаж байгаа бол жаргалтай, тухайн цаг мөчөө мэдэрч чаддаг хүн гэж би боддог.


Шинэ зүйлийн эрэлд... 

Нэг зүйл хийж, бүтээлээ гаргачихаад л одоо юу хийх вэ гэж шууд боддог. Миний мөрөөдлүүд дандаа л уран бүтээлтэй холбоотой, илүү сайхан бүтээл хийж, үзэгчдэд яаж шинэлэг зүйл үзүүлэх талаар бодож явдаг юм. Тиймээс би өөрийгөө уран бүтээлийн хязгааргүй их шуналтай хүн гэж тодорхойлно.

Хөл хорио уран бүтээлч бидний амьдралд маш их өөрчлөлт авчирлаа.. Гэхдээ хэцүү байна, болохгүй байна гээд суугаад л байвал юу ч өөрчлөгдөхгүй. 

Эх орондоо эргэж ирээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинэ уран бүтээл гаргалгүй, тоглолт ч болсонгүй. Одоо л уран бүтээлчид маань сэргэж, шинэ бүтээлүүдээрээ үзэгчидтэйгээ уулзах нь. Ирэх баасан гарагт “Зүүдний цирк” тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах болсондоо баяртай байна.

Энэ тоглолтод циркийн уран бүтээлч Д.Лхагва- Очиртой хамтран тоглоно. Миний хувьд гол дүр болох Селиагийн дүрийг бүтээсэн. Олон уран бүтээлч сэтгэлээ шингээж хөдөлмөрлөж байгаа учраас сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. 

"Зүүдний цирк"-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. 

Бичлэг үзэх: