Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ.

Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.