КАНБЕРРА. /ABC/. Мягмар гарагийн орой Австралийн хойд нутгийн Дарвин хотод зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна.


“Гэмт этгээд зоогийн газар, зочид буудал зэрэг нийт таван газарт гал нээсэн бөгөөд түүнийг хэрэг гарснаас хойш нэг цаг орчмын дараа баривчилсан” гэж орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ. 


Хэрэгтний нэрийг олон нийтэд зарлаагүй бөгөөд тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард тэнсэнгээр суллагдсан байжээ. “Гэмт этгээд хэн нэгнийг хайж байгаа мэт байсан” гэж хэргийн газарт байсан хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна. 


Австралид 1996 онд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан галт зэвсгийн хяналтын хуулиа чангатгаж байсан бөгөөд гэмт этгээд дээрх хэргийг үйлдэхдээ хориотой галт зэвсэг ашигласан байжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг