Нийслэлийн нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт компани, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд хамтарч автобуснуудыг камержуулжээ.

Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгайг багасгах, гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй бүх автобус болох нийт 19 ААН-ийн 1226 автобусыг хяналтын камертай болгожээ. Автобус бүрт 4 камер байршуулсан нь тухайн автобус доторхыг бүрэн хянах боломжтой аж.

Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ "Камерыг санаатайгаар хаах, унтраах тохиолдол гардаг учир камерыг ашиглах журмыг баталж, бүх асуудлыг тодорхой зохицуулсан. Автобусанд эд зүйлээ алдсан иргэн хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Ингэснээр цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авна" хэмээлээ.


Камеруудыг 123 сая төгрөгөөр сэргээн засварлажээ

Улаанбаатар смарт компанийн менежер Ц.Түвшинжаргал "2015 оноос автобусуудыг бүрэн камержуулах ажил хийгдэж эхэлсэн. Энэ жил нэр бүхий 3 байгууллага хамтран бүх камерыг шинэчилж сайжрууллаа. Шалгалтаар өмнөх камеруудын 50 хувь нь гадны нөлөөллөөр эвдэрсэн байсныг 123 сая төгрөгийн зардал гарган засаж, 1226 автобусыг бүрэн камержуулсан. Тэдгээрийн дотроос 80 автобусны камерыг онлайнаар шууд хянах боломжтой болсон. Камерыг илүү сайжруулах асуудлыг Улаанбаатар смарт компани, эвдрэл гэмтлийг Нийтийн тээврийн газар хариуцна" гэв.


Автобусны камерын бичлэгийг 15 хоног хадгална

"Эрх бүхий байгууллагын ажилчид апп ашиглан автобусны камерыг гар утаснаасаа ч хянах боломжтой. Камерын бичлэг 15 хоног хадгалагдана. Иргэн автобусанд эд зүйлсээ алдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Улмаар цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналтын камерыг шүүж үзнэ. Зөвхөн халаасны хулгай гэхгүй зам тээврийн осол, бусад гэмт хэрэг зөрчлийн асуудлыг тухайн автобусны камераас шүүж болно" гэдгийг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэл онцлон хэллээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.