Нийтийн тээврийн "U-Money" картыг өнөөдрөөс эхлэн дэлгүүр, худалдаа, үйлчилгээний газруудын кассын ПОС-ын программаар цэнэглэдэг болж буй талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ төсөл, бизнесийг дэмжих албаны дарга М.Мөнхболд  "U-Money" картыг зөвхөн автобусны буудлын ойролцоо үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаар борлуулж, цэнэглэдэг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 6 болон 8 нэрийн дэлгүүрүүд, үзвэр үйлчилгээний газрууд кассын ПОС-ын программаараа  "U-Money" картыг цэнэглэх боломжтой боллоо. Үүнд нэмэлт төхөөрөмж хэрэггүй. Энэ үйлчилгээг "Тауэрсофт" ХХК-тай хамтран хийж байна.

Одоо автобусны буудлуудын ойролцоо 500 гаруй гэрээт цэг "U-Money" картын үйлчилгээ үзүүлж буй. Эдгээрийг энэ ондоо багтаан 700 болгоно. Харин 2020 онд нийт 2000 гаруй гэрээт цэгтэй болохоор ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллана. Байгууллагууд 7000-1011 дугаарт холбогдон хүсэлтээ гаргавал манай компанийн ажилтан шууд очоод гэрээ байгуулах, программ суурилуулах, хэрхэн яаж ажиллах зэргийг зааж өгснөөр  "U-Money" карт цэнэглэх боломжтой болно. 

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гэрээт цэгүүд хангалтгүй байгаа дутагдлыг арилгах юм" хэмээн мэдээллээ.

"Тауэрсофт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхдөл "Бид энэ онд "Улаанбаатар смарт карт" компанитай хамтран дэлгүүрүүдэд нэмэлт төхөөрөмж хэрэглэхгүйгээр кассын программаараа "U-Money" карт цэнэглэдэг интеграци хийгээд, өнөөдөр нээж байна. Улаанбаатар хотод ПОС хэрэглэдэг 2000 гаруй байгууллага бий. Тэдгээр байгууллагууд өдөр тутамдаа хэрэглэж буй ПОС-ын программ дээрээ шууд "U-Money" карт цэнэглэх боломж бүрдэж буй. 

Үүнтэй холбоотойгоор манай "On time" программыг хэрэглэдэг хуучин болон шинэ байгуллагууд 2020 оны 3 дугаар сарын 01-ний дотор "U-Money" карт цэнэглэх гэрээ байгуулаад жилийн суурь хураамжаасаа 50 хүртэлх хувь хөнгөлүүлэх боломжтой. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "U-Money" картын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үүнийг хийж байна. Зөвхөн манай биш өөр компаниудын кассын төхөөрөмжийг ашиглаж буй байгууллагууд ч 7000-1011 дугаарт холбогдон энэ үйлчилгээг хэрэгжүүлэх боломжтой" гэдгийг онцлон хэллээ.