Алдарт торгоны зам буюу хэдэн зууны тэртээх өвөг дээдсийнхээ үлдээсэн жимийг тэмээтэй туулахаар шийдсэн Н.Байгальмаа бүсгүй эх орноосоо гараад хагас жилийг үдээд байна.

Тэрбээр Монгол дараа нь Хятад, Казахстан зэрэг улсын нутгаар тэмээгээр хөндлөн гулд туулж явна. Анх монголын тэмээн сүрэг бэлдэн гарсан тэрбээр аяллынхаа туршид багагүй хүндрэл бэрхшээлтэй учирч замдаа төлөвлөгөөгөө өөрчлөхөөр шийдсэн байна. 

Тиймээс аялагч Н.Байгальмаа замд гарахдаа авч явсан тэмээгээ Монголын хилийн цэргийн албанд бэлэглэсэн ажээ. Мэдээж аяллаа амжилттай үргэлжлүүлэхийн тулд тухайн улс орноос нь тэмээ худалдан авч буй. Учир нь дэлхийн 56 орон тэмээтэй учраас тэмээн аялал саатах зовлон таарахгүй.

Тун удахгүй тэрбээр Узбекстан улсаар дайран өнгөрөх бөгөөд тэмээгээ ч аль хэдийн захиалсан байна. Мөн Франц, Герман зэрэг улсын тэмээчидтэй ч холбогдож унах тэмээгээ захиалсан гэнэ.

Тэрбээр өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийсэн бөгөөд энэ үеэр Узбекстанд хийх аяллыг нь тус улсын аялал жуулчлалын яам ивээн тэтгэх болсноо дуулгасан юм.