Олон улсын "Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах өдөр"-ийг анх удаагаа тэмдэглэхээр болжээ. Энэ пүрэв гарагт тохиох өдрийг угтаж НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “АСУУДАЛ ШИЙДЭГДДЭГ - СЭТГЭЛ САНААГАА ЭРҮҮЛ БАЙЛГАЯ” цахим нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн ажилтан М.Бямбабатаас тодрууллаа. 


- "Асуудал шийдэгддэг-Сэтгэл санаагаа эрүүл байлгая" аяныг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу вэ? 

-Манай улс хүн амын насжилтын хувь харьцангуй залуу улс. Учир нь нийт хүн амын 31,7 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Өсвөр насныхан, залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд нэлээд анхаарал татахуйц түвшинд хүрлээ.  Ковидын цар тахлын тархалт нэмэгдэж, хатуу хөл хорио сунгахын хэрээр хүмүүсийн дунд айх, түгших, бухимдах нь нэмэгдсэн.



Иймд хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах, хүүхэд, залуучуудыг сэтгэцийн эрүүл мэндээ анхаарахын чухлыг ойлгуулах, бас сэтгэл санааны хувьд эрүүл, өөдрөг байхад туслах аргуудыг зааж өгөх хэрэгцээ шаардлага байгаа юм.  


-Аяны хамрах хүрээг хэрхэн тодорхойлсон бэ, ямар ямар  үйл ажиллагаа зохион байгуулах вэ? 

-Нийслэл хотын 9 дүүргээс сайн дурын залуусыг бүртгэсэн. Ингэхдээ 15-34 насны төлөөллийг сонгосон. Аяны хүрээнд сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг боловсрол олгох, амьдаралдаа хэрэгжүүлэх зөв дадлыг хэрэгжүүлэх зөвлөмж, цахим сургалт орж байна. Сургалтаар ГГЗХГ-ын сургагч багш нар нөлөөллийн аяны явцад мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийн дагуу өдөр бүр сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээллийг бусдад түгээхээс гадна гэр бүл, найз нөхдийн хүрээллийнхээ сэтгэл зүйг дэмжих алхмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 


-Зохион байгуулагчдын зүгээс аяны зорилго, үр дүн хэрхэн харж байна?  

-Сайн дурынхны оролцоотой сошиалаар эерэг давалгаа үүсгэх, нийгэм-сэтгэл зүйн зөв мэдээллийг түгээж өсвөр үеийнхэн, залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн чухлыг ойлгуулахаас гадна сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах зөв дадалд суралцуулна. Онлайн нөлөөллийн аянаар доод тал нь 10,000 хүүхэд, залуучуудад хүрч ажиллахаар төлөвлөж байна. Хамгийн гол нь хамрагдсан залуус сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал. Бид эрүүл мэнддээ бие мах бод талаас нь л анхаардаг. Гэтэл сэтгэл санаагаа эрүүл байлгах, хамгаалах  талаар огт боддоггүй. Зарим нэг нь мэддэг ч яг юу хийхээ мэддэггүй. Иймд залуусд сэтгэл зүйгээ удирдах аргуудаас зааж сургах нь чухал.


Тавдугаар сарын 20-нд “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах өдөр” -т зориулан чуулга уулзалтыг онлайнаар зохион байгуулах болно.

Энэ чуулга уулзалтад зочин илтгэгч нар сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сонирхолтой илтгэлүүдийг тавина. Онлайн чуулга уулзалт маань ЗҮҮМ -ээр зохион байгуулагдана. Оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.