Д.Даваадулам
04 сарын 10, 2026
ЮНЕСКО Монголын үндэсний комисс, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын яам хамтран багшийн чадамжийн хүрээний эхний хувилбарын төвийн бүсийн хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Багшийн чадамжийн хүрээг тодорхойлох анхны төслийг Монгол Улс даяар хэлэлцүүлж байна. Учир нь боловсролын хөтөлбөрийн шинэчлэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хэрэгжиж эхэлсэн. Ирэх жилээс бага боловсролын хөтөлбөр хэрэгжинэ, цаашлаад ахлах дунд ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж эхэлнэ.
Иймээс шинэчилсэн хөтөлбөр болон хиймэл оюун, цахим технологийн хөгжилтэй уялдуулан багш нарынхаа чадамжийг сайжруулах шаардлагатай. Орчин үед чадамж гэдгийг зөвхөн ур чадвар гэж харах нь өрөөсгөл.
Багш нарыг ур чадвараас нь гадна хандлага төлөвшлийг чухалчлан үзэх болсон. Гэтэл багш нарыг чадавхжуулах ажил буюу сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, үнэлгээ, мэргэжлийн зэрэг олгох зэрэг бүх ажлууд нь салангид задгай хэлбэртэй байна. Эдгээр үйл ажиллагааг нэгтгэж, багш нараа хэрэггүй ачааллаас чөлөөлөхөөс гадна нэгдсэн нэг системээр үнэлж, дүгнэх, чадавхжуулах хэлбэрт шилжүүлэх зорилгоор багшийн чадамжийн хүрээг багш нарын өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлох юм.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
Сургалтын хөтөлбөрт өв соёл, уламжлал, эх хэлний хэрэглээ зэргээс гадна хиймэл оюун, цахим технологийн хэрэглээ зэрэг шинэ шинэ чадамж шаардсан зүйлс олон байна. Ийм учраас шинэчилсэн хөтөлбөрийн дагуу багш нараас шаардах шинэ чадамжууд нэмэгдэнэ. Энэ бүхнийг нэгтгээд ойрын 10 жилдээ өөрчлөгдөхөөргүй, тогтвортой урт хугацаанд хэрэглэх, багш нарын ур чадварыг жилээс жилд бодитоор ахиулах боломжтой багшийн чадамжийн хүрээг тодорхойлох нь чухал байна гэдгийг Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор П.Оюунаа онцолж байна.
Хэлэлцүүлгийн нээлтэд цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Цахим хөгжил, хиймэл оюуны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Нөгөө талаас Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Ийм нөхцөлд багш нарынхаа чадамжийг сайжруулж, тэгш, хүртээмжтэй сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-гийн зүгээс үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Хэдийгээр хиймэл оюуны хэрэглээ нэмэгдсэн ч багш нар хүнлэг байж, сурагч бүрийн сэтгэл зүйн онцлогт тохируулан ажиллах шаардлага нэмэгдэж байна. Хиймэл оюун мэдээллийг хурдан боловсруулж чадах ч “хүнлэг” чанарыг орлож чадахгүй гэдгийг багш, судлаачид онцолж байна. Иймээс багш нар бэрхшээл сорилтыг даван туулах, өөрчлөлтөд дасан зохицох, тасралтгүй суралцах чадвар, нийгэмд эерэг нөлөө үзүүлж манлайлах, бусдыг энэрэх зэрэг чадамжаа сайжруулж, сурагчийн “сэтгэл зүйн ментор” байхыг чухал болжээ.
Хэлэлцүүлгийн үеэр төвийн бүсийн багш нар багш нарын чадамжийн хүрээг тодорхойлох сурагчийн тухай мэдлэг, судлагдахууны тухай мэдлэг, багшлахуй ба суралцахуй, мэргэжлийн хөгжил, мэргэжлийн ёс зүй, хариуцлага гэсэн үндсэн таван айд хуваагдан чиглүүлэгч судлаач, багштайгаа хамтран хэлэлцэж, саналаа боловсруулж нэгтгэсэн. Дараа нь хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж, хаалтын ажиллагаа боллоо. Ийнхүү цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, багш нарын саналыг тусгаснаар багшийн чадамжийн хүрээний эхний хувилбарыг боловсруулах боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.