Peak.mn
06 сарын 09, 2026
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй. Хуулийн өөрчлөлтөөр банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг 34, 51 хувьд хүргэхээр тусгасан. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд байр сууриа хүргэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт:

Банкны салбарын либералчлалыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхийн тулд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс зээлийн хүү өндөр, хугацаа богино, хүртээмж хангалтгүй байгаа асуудлыг тогтмол хөнддөг. Харин салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүд бий болсноор зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах, зээлийн хугацаа уртсах зэрэг эерэг үр нөлөө гарах боломжтой.
Нөгөө талаас, банкны салбарын засаглалын талаар банкуудыг хаалттай бүтэцтэй, цөөн тооны хувь эзэмшигчдийн нөлөөн дор үйл ажиллагаа явуулж ирсэн гэх шүүмжлэл түгээмэл байдаг. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр банкны засаглал илүү нээлттэй, ил тод болж, олон нийт хувьцаа эзэмших замаар хяналт тавих, банкны ашиг орлогоос хүртэх боломж өргөжнө.
Судалгааны дүнгээс үзэхэд системийн банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулахад нийт 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Гэвч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж энэ хэмжээний санхүүжилтийг богино хугацаанд бүрдүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тул хуульд заасан хугацаанд зорилтоо хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэхээр байна.
Үүнээс гадна банкны салбар нь өндөр түвшний хяналт, зохицуулалтын орчинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь ихээхэн зардал шаарддаг онцлогтой. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид хяналтын багц эзэмших боломжгүйгээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхол харьцангуй бага байдаг. Тухайлбал, Монголын банкны салбарт 51 хувиас дээш хэмжээний хувь эзэмших санал тавьж байсан гадаадын банкнууд ч бий.
Системийн банкнууд нээлттэй хувьцаат компани болсон нь банкны салбарын шинэчлэлийн томоохон алхам болсон. Иймд энэхүү өөрчлөлтийг дараагийн шатанд ахиулж, Банкны тухай хуулийг Компанийн тухай хуультай нийцүүлэх хүрээнд хяналтын багцыг 34 болон 51 хувиар эзэмших боломжийг хуульчлах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Бид 2021 онд Банкны хуулийг өөрчилж, хувь эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувь гээд заачихсан. Тухайн үедээ банкны өмчлөлийг задлах, нээлттэй болгох зөв зорилготой байсан ч амьдрал дээр эргээд харахад дутуу дулимаг зохицуулалт болсон нь харагдлаа. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтөөр хувь эзэмшлийн дээд хязгаарыг нээлттэй банканд 34, хаалттай банканд 51 хувь хүртэл байхаар тогтоож өгч байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид зүгээр нэг мөнгө байршуулаад зогсохгүй, менежмент, үйл ажиллагаанд нь гар бие оролцох сонирхол нь төрнө. Гаднын хөрөнгө оруулалт татсанаар урт хугацаандаа зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх юм.
Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар:

Одоогийн хуулиар гадаадын банкууд манайд хувьцаа авах, охин компани эсвэл салбараа нээх, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах гэсэн 4 шугамаар ажиллах боломжтой. Шинэ хуулийн төсөл эдгээр хувилбаруудад тулгардаг гол саад бэрхшээлийг шийдэхэд чиглэжээ. Жишээ нь, онлайн үйл ажиллагаатай 'М банк'-ны хувьцааг Солонгосын банк сонирхож байгаа дуулдсан. Энэ нь яг иргэдийн зээлийн чиглэлээр гаднаас хөрөнгө орж ирэх боломж гэсэн үг. Тиймээс хязгаарлалтуудыг хөнгөлөх нь туйлын чухал.
Нөгөө талдаа татварын орчноо ч эргэж харах хэрэгтэй байна. Гаднын хөрөнгө оруулагчид Монголд ажиллаад, ашгаа буцааж татахад 20 хувийн татвар авдаг. Хэрэв бид үнэхээр хөрөнгө оруулалт татъя л гэж байгаа бол үүнийг анхаарах ёстой. Салбараа нээлттэй болгосноор зөвхөн мөнгө биш, түүнийг дагаад олон улсын засаглалын сайн жишиг, ноу-хау орж ирдэг давуу талтай.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Банкны тухай хуулийн энэ өөрчлөлт өнөөгийн санхүүгийн салбарт тулгамдсан гол зовлонг шийдэх гэж байна гэж харж байгаа. Манайд зээлийн хүү өндөр, эх үүсвэр хомс байдгийн гол шалтгаан нь зах зээл жижиг, банкнууд дотроо л хэдэн төгрөгийнхөө төлөө өрсөлддөгт байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд гаднын хөрөнгө оруулалт, гадаадын банкнуудыг оруулж ирэх ёстой гэж салбарынхан олон жил ярьсан.
Энэ удаагийн төсөлд банкны салбарыг либералчлах, хувь нийлүүлэгчдийн 20 хувийн хязгаарлалтыг чөлөөлөх, тэднийг 'эцсийн өмчлөгч' гэдэг агуулгаар нь харах зэрэг маш оновчтой шийдлүүд туссан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай банкны тодорхойлолтыг цэгцэлж, олон улсын том тоглогчид орж ирэх үүдийг нээж өгч байгаагаараа агуулгын хувьд маш том өөрчлөлт болжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.