БАНГКОК. /TASS/. Тайландын хаан Маха Вачиралонгкорнаг /Х Рама/ хаан ширээнд залах ёслол Бангкок хотноо эхэлжээ. Ёслолын арга хэмжээг тус улсын телевизүүдийн сувгууд шууд дамжуулж байна.


Чакрабат Биман өргөөнд эзэн хааны угаал үйлдэх ёслол буюу "Сонг муратха бхисек" ёслол эхэлжээ. Энэ ёслолын үеэр хаан улсынхаа таван гол, дөрвөн нуур, мөн хаант улсын 77 мужийн 100 булаг шандны усаар угаал үйлддэг байна. Уламжлалт ёслолд хэрэглэдэг усыг өмнө нь Тайландын нийслэл хот болон мужуудын буддын сүм хийдүүдийн лам хуврагууд ариутгадаг ажээ.


Үүний дараа хааны магнайд энгэсэг түрхэх ёслол хаан ширээний танхим болох Байсал Даксинд болно. Уг ёслолын дараа эзэн хааны Бхадрапитха сэнтийд залрах бөгөөд гол бярман албан ёсны цол, хааны бэлгэ тэмдэг, эртний тушаал болон дээд эрх мэдлийн бусад бэлгэ тэмдэг бүхий хааны алтан тавгийг Х Рамад гардуулан өгнө.


Хааны титмийг зүүж өгсний дараа Х Рама анхны тушаалаа сонсгох аж. Хаан ширээнд залах ёслол хүлээн авах ёслолоор дуусна.


Маха Вачиралонгкорна Тайландыг 70 жил удирдсан эцэг Пумипона Адульядетаг  /IX Рама/ таалал төгссөний дараах 50 дахь өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 1-нд хаан ширээнд заларчээ. Тухайн үед эзэн хааны шийдвэрээр хаан ширээнд залах ёслолыг хойшлуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг