Сарын тэмдэг гэж хүнээс нууж ичих асуудал уу эсвэл нээлттэй ярилцах магадгүй шийдэл эрэх сэдэв үү. Зарим улс орнууд энэ асуудалд анхаарал хандуулж, охидод анхнаас нь сарын тэмдгийн үеийн ариун цэврийн сахих талаар мэдлэг өгөхөд анхаардаг. Гэвч цөөнгүй улсын охидод энэ асуудал хаалттай сэдэв хэвээр байна.  

Сарын тэмдэг яагаад анхаарал хандуулах асуудал вэ?

Сарын тэмдгийн талаар анхан шатны боловсролын байгууллагууд хангалттай мэдлэг өгөхгүй байгаа нь олон эрсдэл дагуулдаг байна. Үүнийг дараах тоо баримтаас харж болно.

  • Эмэгтэй хүн амын 52%, нийт хүн амын 26% нь нөхөн үржихүйн насных байдаг
  • Дэлхий даяар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 5-15% нь сарын тэмдгийн мөчлөгийн алдагдалтай
  • 10 охин тутмын 3 нь сарын тэмдгийн ариун цэврийг сахиж мэддэггүй 
  • Охидын 90% нь сарын тэмдгийн улмаас сар бүр дунджаар 1-5 хоног хичээлээ тасалдаг 
  • 11-18 насны охидын 23% нь ариун цэврийн хэрэглэлийн гачигдалтай зэрэг сарын тэмдэгтэй холбоотой сэтгэл өвтгөм тоо баримт олон 

Олон орны соёлд сарын тэмдгийг  ичгүүртэй, байж боломгүй зүйл гэж  гэж үздэг хэвээр байна.  Тухайлбал Пакистанд сарын тэмдгийг маш нууц, далд байх ёстой асуудал гэж үздэг. Иймээс энэ улсад ээж, охин хоёрын хооронд ч энэ талаарх нээлттэй яриа өрнөдөггүй. Кени улсад нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь хэрэглэл худалдан авах боломжгүйгээс оймс, сонин гэх мэт гар доорх зүйлсийг ашигладаг байна. 

     

                                                                                                              via GIPHY

Ариун цэврийн хэрэглэл хангалтгүй байгаа нь зарим охидын хувьд сургуулиасаа гарах шалтгаан болдог улс орнууд ч бий. Энэтхэгт сарын тэмдэг ирсэн цагаасаа хойш таван охин тутмын нэг нь сургуулиа хаядаг.

Дэлхий дахинд өдөрт 56 охин ариун цэврийн хэрэглэлийн зохисгүй хэрэглээнээс болж амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Хэрэв бүхэл өдрийн турш нэг ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг бол үүнийгээ болих хэрэгтэй.

Учир нь химийн бодис ашиглан шингэнийг гель болгон хувиргадаг Ultra (хэт) сальфеткан хэрэглэл нь давсаг, умайн хорт хавдрын шалтгаан болдог.

Тогтвортой хөгжлийн зорилгод хамаарах нь 

Сүүлийн үед сарын тэмдгийн хог хаягдлын менежмент нэлээд анхаарал татсан асуудал болоод байна. 

Сарын тэмдгийн эрүүл мэнд, эрүүл ахуйн менежмент нь Тогтвортой хөгжлийн 3, 4, 5, 6, 8, 12-р зорилтод нийцдэг бөгөөд эрүүл амьдрал, хүртээмжтэй чанартай боловсрол, жендэрийн чанар, ариун цэврийн байгууламжийн тогтвортой хүртээмж, эдийн засгийн өсөлт, тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэл гэдэг талаасаа тогтвортой хөгжилтэй шууд хамааралтай.

deccanherald.com

2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болгох зорилгын дагуу ирэх жилүүдэд энэ чиглэлээр ямар ахиц дэвшил гарах бол? Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой баримт, мэдээлэл хязгаарлагдмал байна. Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд охидын амьдралд ямар нөлөө үзүүлсэн, хэр үр дүнтэй байсан талаар илүү чанартай судалгаа, баримт, мэдээллийг цуглуулах шаардлагатай байна. 

Сарын тэмдгийн үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотойгоор өмнө нь хийгдсэн судалгаанууд байдаг ч нийгмийн дэд бүлгүүдийн дунд хийсэн нөхцөл байдлын судалгаа хомс байна. Түүнчлэн сарын тэмдгийн үед шаардлагатай ариун цэврийн хэрэглэлийг нийлүүлэгч дотоодын ЖДҮ-ийг дэмжиж, байгальд ээлтэй, био-ариун цэврийн хэрэглэлийг үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн сургуулиудын дотуур байранд “охидын өрөө”-г тохижуулж, ариун цэврийн хэрэглэлийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Сарын тэмдгийн эрүүл ахуйн боловсролыг хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болгох шаардлагатай гэж үзэж байна.

Сарын тэмдгийн асуудлаар нээлттэй ярилцах нь асуудлыг шийдвэрлэх гарц 

Пакистан улс бол дээр дурдсанчлан бэлгийн боловсролын тал дээр маш хаалттай үүнээс болж охид олон асуудал, эрсдэлтэй нүүр тулдаг. Тус улсын гурван сургуулийн 14-16 насны охидод сарын тэмдэгтэй холбоотой урт хугацааны сургалт явуулсан байна. Тухайн сургалт үндсэн хоёр чиглэлтэй байжээ.

1.Сарын тэмдгийн мөчлөгийн хэрхэн тодорхойлох. Ингэснээр охид сарын тэмдэг ирсэн үедээ охид хичээл сургуулиасаа хоцрогдох, бусдаас өөрийгөө тусгаарлах нь багасах давуу талтай.  

2.Ариун цэврийн хэрэглэлийг зааврын дагуу зөв хаяж сурах. Сүүлийн жилүүдэд хог хаягдлын талаарх асуудал дэлхий нийтийг хамарч байгаатай холбоотойгоор хогийн ангилж, ялгаж нөгөө талаас эрүүл ахуйд эрсдэл учруулахгүй байх зорилготой аж.  

Харин сургалтын дараа: 

Сургалтанд хамрагдсан нийт охидын 87 хувь нь эерэг үр дүнд хүрсэн талаараа судалгаа өгчээ.  

  • Охидын 65% нь сарын тэмдэг өвдөх, 3 сар сарын турш тэмдэг ирэхгүй байх, хэт их цус алдах зэрэг тохиолдолд эмчид хандах шаардлагатайг мэддэг болсон

  • Сарын тэмдгийн үед 70% нь амин дэмтэй хоол идэх нь чухал

  • 87% нь өвдөлттэй сарын тэмдэгтэй тэмцэх тухай

  • 74% нь сарын тэмдэг ирэхийг эерэг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шинж тэмдэг гэж үздэг болсон гэх эерэг үзүүлэлт гарсан байна.

www.menstrupedia.com

Харин манай улсад эдгээр улс шиг сарын тэмдгийн асуудал тийм ч нууц сэдэв биш. Соёлоос хамаарсан бурангуй ойлголт байдаггүй гэж хэлж болно.

Гэхдээ бодит байдал дээр асуудал бий. Саяхан гэхэд ЕБС-ийн сурагч сарын тэмдэг ирсэн гэдгээ биеийн тамирын багшдаа учирлаж хэлтэл итгэхгүй гарыг нь өргөж зогсоон шийтгэсэн тохиолдол ч гарсан билээ.

Тэгвэл охидод сарын тэмдгийн үед ямар асуудал тулгардаг бол. Энэ талаар ЕБС-ийн сурагчдаас тодрууллаа.

13 настай Хулан:

Саяхан нэг сургууль дээр электрон тамхи татаж байгаа хүүхдүүдийг хянах зорилгоор бие засах өрөөнд камер суулгасан талаар сонссон. Түүнээс хойш ариун цэврийн хэрэглэлээ сургууль дээрээ солихоос нэг л эмээдэг болчихсон. Нэг хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Сургуулиудын бие засах газар хэзээ ч камер байрлуулж болохгүй гэж боддог. Бас нэг анзаарагдсан зүйл бол охид бүр сарын тэмдэг ирэхээс өмнө энэ талаарх мэдлэг мэдээлэлтэй байдаггүй юм билээ. Энэ тал дээр охидод хичээл заах нь илүүдэхгүй зүйл гэж бодсон. Жишээ нь ангийн охин маань надаас энэ талаар асууж тодруулж байсан. Учир нь түүний ээж нь насбарсан тул ярилцах хүн байдаггүй.

16 настай Сувдмаа:

Сарын тэмдэг ирсэн үед бусдаасаа ариун цэврийн хэрэглэл асуух, хэн нэгэн найзаасаа авах нь эмэгтэй хүүхдүүдэд эвгүй мэдрэмж төрүүлдэг хамгийн хэцүү зүйлсийн нэг. Бид бие биедээ ариун цэврийн хэрэглэл дамжуулахдаа яг л хориотой, нууц зүйл дамжуулж байгаагаар мэдэрдэг. Аль болох нууж хаахыг эрмэлздэг. 

Уг нь мэдлэг мэдээллийг нэмж байж л сургуулийн орчинд, олон нийтийн дунд, улмаар нийгэмд сарын тэмдэгтэй холбоотойгоор гадуурхах, дээрэлхэх асуудал арилна. Түүнчлэн ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгосноор сарын тэмдэг ирсэн үед охид эмэгтэчүүд ариун цэврээ сахих, эрүүл мэнддээ анхаарах, ичиж зовохгүй байх боломжийг олгох юм. Сарын тэмдэг ирэх үед охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хамтраад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр гар нийлэн ажиллах хэрэгтэй байна.

Сарын тэмдгийн талаар практикт тулгуурласан мэдлэг өгөх, сарын тэмдгийн хог хаягдлыг зохицуулах менежментийн ямар шийдэл гаргаж байна вэ ? Дэлхий нийтээр хүний эрхтэй шууд холбоотой эдгээр асуудалд анхаарал хандуулдах болсонтой хөл нийлүүлэх нь зүй ёсны хэрэг юм. 


Эх сурвалж: ifmsa.org

unicef.org