Өчигдөр УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудастаа "Ариун цэврийн хэрэглэлийг охидод үнэгүй өгөх нь зөв" хэмээн жиргэсэн нь цахим орчинд анхаарлын төвд орж, олон нийтийг талцуулаад амжсан. Одоо ч ярианы сэдэв хэвээрээ байгаа юм.

Тэгвэл түүний жиргээтэй холбоотой сэтгэгдэл, мэдээллүүдэд  "Олон нийтийн санаа бодол судалгааны шийдэл төв"-өөс судалгаа хийжээ.

Судалгаанаас үзэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлага дээр иргэд янз бүрийн байр суурь илэрхийлжээ. Тэр дундаа твиттер сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсийн 78 хувь нь дэмжсэн бол 15 хувь нь шүүмжилсэн хандлагатай байна. Эгдүүцсэн уурссан, эмэгтэйчүүд л ийм зүйл сэднэ гэх мэт үзэн ядсан, доромжилсон агуулга бүхий сэтгэгдлийн дийлэнхийг 50+ насны иргэд бичсэн аж.

Уг нь олон улс оронд энэ төрлийн санаачлага дэмжигдэн хуульчлагдсан байдаг жишиг бий. Мэдээж төр муу менежер тул ажлыг нь иргэний нийгмийн байгууллага, ТББ хариуцдаг туршлага ч байна. 

Манай улсын хувьд өсвөр насны 200 гаруй мянган охин бий. Тэдэнд ариун цэврийн хэрэглэл тараахад сард 2 тэрбум орчим төгрөг шаардагдана гэсэн тооцоо ч гарчээ. Бага мөнгө биш ч анхаарвал шийдчих л асуудал.

Яг үнэндээ ямаанд 180 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг шүү дээ. Хүний хэрэглээ, үнэ цэн малаас хямд байх учиргүй л байх. 

Энэ асуудлыг тойрон эмэгтэй гишүүдийг дайрч доромжилсон өнгө аяс нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Уг нь нийтэд хөндөгдсөн асуудалд мэдрэмжтэй хандаж дуугарсных нь төлөө элдвээр хэлэх биш энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдүүлэх вэ гэдэг дээр санаа оноогоо нэмэрлээд явбал охидод хэрэгтэй, олон улсад ч хүний эрхийн мэдрэмжтэй гэдгээ батлан харуулах билээ.

Судалгааны дүнгээс онцолж байна.

Ариун цэврийн хэрэглэл тараахыг иргэдийн 78 хувь нь дэмжиж байна


Охид бүрд ариун цэврийн хэрэглэл саналд байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн 65 хувь нь эмэгтэй, 35 хувь нь эрэгтэйчүүд байв. 

Уг санаачлагыг дэмжсэн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл ихэнх нь 35-аас доош насныхан байсан бол эсрэг байр суурьтай байсан хүмүүсийн олонх нь 50-аас дээш насныхан байна. 


Жижиг гээд орхиж болохгүй асуудал

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлагад хариу үйлдэл үзүүлсэн хүмүүсийн 50-иас илүү хувь нь "Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал мөн гэжээ. Түүнчлэн жижиг гээд орхиж болохгүй гэдгийг онцолж, Ц. Мөнхцэцэг, Ч.Ундрам, М.Оюунчимэг нарыг "Хүний эрхийн мэдрэмжтэй хандлаа" хэмээн сайшаажээ. 


Улсын төсвөөс биш хүүхдийн фондоос зохицуулж ч болно...

Охид бүрд ариун цэврийн хэрэглэл үнэгүй өгөх асуудалд олны танил, дагагч ихтэй хүмүүс өөр өөрсдийн байраа сууриа илэрхийлсэн. Тухайлбал инфлүүсер М.Нарантуяа /Наараа/ "Маш мэдрэмжтэй хандсан шүү Ц.Мөнхцэцэг гишүүн. Гэхдээ төсвөөс биш нөгөө хүүхдийн фондоос ч юм уу зохицуулах хэрэгтэй "гэжээ. 


Гадаадад бол хандивын хайрцагаар шийдчихдэг

Энэ асуудал дээр эрэгтэйчүүд эсрэг байр суурьтай байгаа нь түгээмэл ажиглагдсан нь ч жүжигчин Г.Амгаланбаатар, "жиргээч" Энхбат, Шинэгэрэл зэрэг олон дагагчтай эрэгтэйчүүд чухал асуудал гэдгийг сануулаад "Өсөж яваа охидтой хүний хувьд сургуулийн орчинд ариун цэврийн хэрэглэл байх нь зөв. Гэнэтийн тохиолдолд тэд минь яах бол.", " Өсвөр насны охидод АЦХ тараах нь зөв. Харин ч үр дүн нь бодитой болох байх", "Гадаадад хандивын хайрцагаар шийдчихдэг" гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. 

Харин Ц.Мөнхцэцэг гишүүний жиргээнд шүүмжлэлтэй хандсан иргэдийн төлөөлөл "Ард түмнээ ажилтай л болгочихмоор байна. Юм тараахаас өөр юм толгойд нь орж ирэхгүй ээ тэ", "Үнэгүй АЦХ тараана. Тэгэхгүй бол охид хичээлдээ явж чадахгүй байна гэж. Үнэндээ ичиж үхмээр болж байна даа" хэмээн шүүмжилжээ. 

Эмэгтэй гишүүдийн жиргээтэй холбоотой мэдээллийн сайтуудаар гарсан мэдээ, нийтлэлд хариу үйлдэл үзүүлсэн иргэдийн 56 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлж, цааш хуваалцсан байна.  

Нийтэд хөндөгдсөн асуудалд мэдрэмжтэй хандаж дуугарсных нь төлөө элдвээр хэлэх биш энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдүүлэх вэ гэдэг дээр санаа оноогоо нэмэрлээд явбал охидод хэрэгтэй, олон улсад ч хүний эрхийн мэдрэмжтэй гэдгээ батлан харуулах билээ.