Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн зүгээс “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зарим аймаг сум, дүүргүүдэд зохион байгуулж, сургуулийн охидыг зориулалтын бус, аюулгүй байдалд харш орчинд, зохистой мэдээллээр хангалтгүй хамруулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа гэж дүгнэлээ.

Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлтийг товчлон хүргэе.

Монгол Улсад өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Тэдгээрийн зарим нь өсвөр насны жирэмслэлт, бэлгийн замын халдварлал, хүчин зэрэг эрүүл мэнд болоод нийгмийн харш үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Гэвч бодит үр дүн багатай атлаа зарим, аймаг, сум, дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн  “охидын үзлэг” гэж эцэг эх, асран хамгаалагчийн болон өөрийнх нь зөвшөөрөлгүй, гэнэдүүлэн хамруулах тохиолдлууд гарсан. 

Энэ нь эрүүл мэндийн болон нууцлалын шаардлага хангахгүй орчин нөхцөлд хийгдэж, хүүхдийн бие махбод, нэр төр, хувийн нууцтай байх, халдашгүй байх эрхийн зөрчил болж байна. 

“Охидын үзлэг”  гэх албан бус нэр томьёо нь “нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэхээс илүүтэй “бэлгийн харьцаанд орсон эсэх, жирэмсэн эсэхийг тогтоох зорилготой үзлэг” гэж ойлгогдох болсон.

Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл”(2020)-д “...зарим аймаг, орон нутагт ерөнхий боловсролын сургуульд “охидын үзлэг”-ийг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаагаас үүдэн өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, сургууль болон гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөж буй талаарх мэдээлэл Комисст ирж байна...” гэдгийг дурдсан байна.

Мөн тус арга хэмжээ нь зөвхөн охидыг онцлон ялгаж үзсэнээрээ нэгд, хөвгүүдийн нөхөн үржихүйн хэрэгцээг орхигдуулсан хүйсийн ялгаварлал болж, хоёрт, нөхөн үржихүйн асуудлыг зөвхөн охид, эмэгтэйчүүдэд илүүтэй хамаатуулах жендэрийн хэвшмэл үзлийг бэхжүүлэх хор нөлөөтэй байна. 

ДЭМБ, НҮБ- ын Эмэгтэйчүүдийн Эрхийн Комисс, Хүний Эрхийн Хороо хамтран дэлхий нийтэд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалахдаа “дэлхийн 20 гаруй оронд охидын үзлэгийг хийж байгаа тухай тэмдэглэж, “охидын үзлэг нь эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл бөгөөд үүнийг зогсоох ёстой” гэсэн уриалга, мэдэгдлийг гаргасан.

 Мөн 2018 онд Рио-де-Жанейро хотноо болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн болон Эх барих эмэгтэйчүүдийн их хурлын (FIGO) үеэр гаргасан мэдэгдэлд охидын үзлэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

Манай улсын тухайд ЭМЯ, БШУЯ-ны тушаал шийдвэрүүдэд “охидын үзлэг”-ийг дэмжсэн, чиглэл болгосон, зөвлөсөн агуулга байхгүй бөгөөд сургуулийн орчинд, нийтээр хамруулан хийхийг үл дэмжсэн тушаалууд гаргасан байдаг. 

Гэвч ерөнхий боловсролын сургуулиуд бие даан болон бусад байгууллагатай хамтран “охидын үзлэг” зохион байгуулах тохиолдол гарсаар байгаа нь дээрх тушаал шийдвэр хэрэгжүүлэгчдэд хангалттай хүрээгүй, мөн эрүүл мэнд, боловсролын ажилтнуудын хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжгүй байдлын улмаас гажуудуулан хэрэгжүүлж байгааг харуулж байна.



ДҮГНЭЛТ ГАРГАСАН:   ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧДИЙН БҮЛЭГ