ХБНГУ-д коронавирусийн тохиолдлын тоо өсч байгаа билээ. Гэвч өнгөрөгч Бямба гарагт Берлин хотод хэдэн мянган хүн коронавирусийн эсрэг Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийн эсрэг жагсчээ.

Цагдаагийн газрын тооцоолсноор жагсаалд 17 мянга гаруй хүн оролцсон бөгөөд нэмэгдсээр 20 мянган хүн болсон гэнэ. Жагсагчид одоо мөрдүүлж буй коронавирусийн эсрэг бүх журмыг болиулахыг шаардан тэмцжээ. 

Christian Mang

Жагсаалын үеэр эрүүл ахуйн журмууд огт мөрдөгдөөгүй тул цагдаагийн газраас цуглааны толгойлогчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдний жагсаал тус өдрийн үдээс хойш хүртэл үргэлжилсэн. Жагсагчид зай барих, амны хаалт зүүх гэсэн наад захын журмыг хэрэгжүүлээгүй учраас үд болох үеэр цагдаа нар албадан тараажээ. Цагдаа нарын хэлж буйгаар жагсаал зохион байгуулагчид эрүүл ахуйн журмуудыг хэрэгжүүлэхээс татгалзсан гэнэ. 

Christian Mang

Тус жагсаал нь "Цар тахлын төгсгөл - Эрх чөлөөний өдөр" хэмээх уриан дор явагдсан юм. Харин ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йэнс Шпан өөрийн твиттер хуудаснаа "Тийм ээ, коронагийн үед ч жагсаал цуглаан байж болно. Гэхдээ ингэж биш. Зай барих, өдөр бүр амны хаалт зүүх зэрэг эрүүл ахуйн журмууд нь бүх хүнийг хамгаална" гэж жиргэжээ. 

Тэгвэл социаль демократ намын удирдагч Саскиа Эскэний ч мөн өөрийн твиттер хуудаснаа "Вирусийн 2 дахь давалгаа гэж өөрсдийгөө нэрлэсэн олон мянган хүн Берлинд ямар ч зай барилгүй, ямар ч амны хаалтгүй баярлаж байна. Энэ нь бидний коронавирусийн эсрэг хийсэн тэмцлийн амжилт болох эдийн засаг, боловсрол, нийгмийн сэргэлтийг аюулд оруулсан хэрэг" гэжээ.

 Европын холбооны итали коммисор Паоло Жэтилони жиргэхдээ "Энэ төрлийн эрх чөлөөний тухай ойлголт нь инээх зүйл биш. Энэ бол аймшигтай хэрэг" хэмээсэн байна.

Christian Mang

Ийнхүү жагсаалын үеэр 1100 цагдаа хэв журам сахиулж, жагсагчдыг тараахад оролцсон ба 18 цагдаа бэртсэнээс 3 нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсныг Ням гарагийн өглөө Цагдаагийн албаны твиттер хуудаснаа хэлжээ. 


Эх сурвалж: OÖNachrichten