ЛОНДОН. /TASS/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар олны бахархлыг хамгийн их төрүүлсэн нийгмийн болон улс төрийн зүтгэлтнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэ тухай “YouGov” судалгааны алба мэдээлсэн байна. Тус судалгааны албанаас явуулсан энэ жилийн санал асуулгад 41 улсын 42 мянга гаруй хүн оролцжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, эмэгтэйчүүдийн жагсаалтад Мишель Обама Америкийн жүжигчин, найруулагч, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын сайн дурын элч Анжелина Жолигийн оронд нэгдүгээрт бичигдсэн байна. Анжелина Жоли энэ жилийн жагсаалтад телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфригийн дараа гуравдугаарт оржээ. Энэ жагсаалтын эхний тавд Их Британийн хатан хаан II Елизавета, Их Британийн жүжигчин Эмма Уотсон нар багтсан байна.


Харин эрэгтэйчүүдийн жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама орсон бол гуравдугаарт жүжигчин Жеки Чан бичигдив. Жагсаалтын дөрөвдүгээрт БНХАУ-ын дарга Си Жиньпин, тавдугаарт Хятадын  “Alibaba” корпорацыг үүсгэн байгуулагч Жек Ма оржээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жагсаалтын 10 дугаарт бичигдсэн бол АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп 14 дүгээрт оржээ. Санал асуулгад оролцогчдын дунд мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди /6 дугаарт/, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган /19 дугаарт/ зэрэг улстөрчид, хөлбөмбөгчин Криштиану Роналду /долдугаарт/, Лионель Месси /есдүгээрт/ нар нэр хүндтэй байна.


Олны бахархлыг төрүүлсэн эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний аравт БНХАУ-ын даргын гэргий Пэн Лиюань /долдугаарт/, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон /наймдугаарт/, Америкийн дуучин Тейлор Свифт /аравдугаарт/ нар багтсан бол эхний хорьд Германы Канцлер Ангела Меркель /12 дугаарт/, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй /18 дугаарт/ болон АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп /19 дүгээрт/ оржээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг