Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Сонирхуулж хэлэхэд манай улс бодлогын хүү гэх энэ ойлголтыг 2007 оноос ашиглаж эхэлсэн түүхтэй. Бодлогын хүүг өсгөх, бууруулах шийдвэр төв банкны санхүүжилтын хүүд шууд арилжааны банкуудын хадгаламж зээлийн хүүд шууд бусаар нөлөө үзүүлэх хандлага анзаарагддаг. Зах зээлийн суурь хүү гэдгээрээ эдийн засгийн нэг гол индикатор болдог учраас бодлогын хүүг өсгөх, бууруулах шийдвэр олны анхаарлын төвд байдаг юм. 2007 онд 6.4 хувиар эхэлсэн бодлогын хүү өнөөдөр 12 хувьтай байна. Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрийн талаар Монголбанк болон эдийн засагчийн байр суурийг хүргэе.

Б.Баярдаваа: Инфляци нам төвшинд байвал бодлогын хүү буурах боломжтой

Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:


-Бодлогын хүүг ямар шалтгаанаар хэвээр үлдээх шийдвэр гаргасан бэ?

-Шийдвэр гаргахад хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол инфляци. Инфляци тогтвортой байх эсэхийг харгалзан үзсэн. Инфляцийн төсөөлөл хэд байх вэ гэдэг дээр тогтож ярьцгаалаа. Инфляцийн түвшин энэ онд 7-8 орчим хувь, ирэх жил найм орчим хувьтай гарах болов уу гэсэн хүлээлт байна. Ийм шалтгаанаар бодлогын хүүг одоохондоо хэвээр хадгалах нь зөв гэж үзлээ. Бодлогын хүүг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын төгсгөлд нэг нэгж хувиар, энэ жилийн зургадугаар сард хоёр нэгж хувиар, нийтдээ гурван нэгж хувиар бууруулсан. Хүү бууруулсан шийдвэрүүд эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг харах шаардлага байна. Банкны салбарт хийгдэж буй активын үнэлгээ цаашид банкуудын зээлжих чадварт яаж нөлөөлөх, шинэ Засгийн газар одоогийн хэрэгжүүлж буй бодлого дээр ямар байр суурь илэрхийлэх гэх мэт харгалзан үзэх хүчин зүйлүүд бас бий. 

-Засгийн газар тойрсон тодорхой бус байдал бодлогын хүүг хэвээр хадгалах шалтгааны нэг болжээ дээ?

-Тэгсэн. Үүнээс гадна түрүүн хэлсэнчлэн инфляцийн таамаглал гэх мэт бодлогын хүүг хэвээр хадгалах олон шалтгаан байсан.

-Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдээс бодлогын хүүг бууруулах тал дээр санаа оноо хэлсэн хүн бий юу?

-Мөнгөний бодлогын зөвлөлийн нэг гишүүн бодлогын хүүг энэ удаад буулгавал ямар вэ гэсэн санал гаргасан. Гэхдээ нөхцөл байдлыг ярилцаж хэлэлцээд хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн. 

-Бодлогын хүүг бууруулах хэрээр эдийн засаг тэлэх боломж гардаг гэж эдийн засагчид онцолдог. Өмнө нь хоёр удаа буулгасан ч бодлогын хүүгийн өнөөгийн төвшин хатуудаа орно гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бодлогын хүүг бууруулна гэдэг бол төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжиж мөнгөний бодлогоо зөөллөж байна гэсэн мэссэж өгдөг. Гадаад эдийн засгийн төлөвт эерэг өөрчлөлтүүд гарсан учраас бага хэмжээгээр суллах ёстой гэж үзээд бодлогын хүүг өмнө нь хоёр удаа буулгасан юм. Бүр өмнө нь бодлогын хүүг 4.5 хувиар өсгөхдөө аль болох богино хугацаанд хадгална, цаашид буцаагаад хэвийн төвшинд нь бууруулна гэж харж байсан. Тэр утгаараа хоёр удаа дарааллан буулгасан. Гэхдээ өнөөдрийн бодлогын хүүний төвшин тийм сул хүүний төвшин биш гэдэгтэй санал нэг байна. Тодорхой хэмжээнд хатуу төвшинд байгаа.

-Яг өнөөдрийн нөхцөлд бодлогын хүүг бууруулах нь эрсдэлтэй гэсэн үг үү?

дийн засгийг хэт хурданаар урамшуулах нь эрсдэлтэй. Эдийн засгийн тэнцвэр хангагдаж байх ёстой. Гадаад орчны төлбөрийн тэнцэл анхаарах учиртай асуудал. Төсөв талдаа тогтвортой байдлыг нь хангах бодлого гэж байна. Ингээд харахаар эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх нь төв банкны чухал зорилт биш. Монгол банкны хамгийн гол анхаарах учиртай асуудал бол макро тогтвортой байдлыг аль болох удаан хугацаанд хадгалах. Эдийн засаг нэг удаа 17, 18 хувиар өсчихөөд ганц хоёр жилийн дараа хасах руу орж таарахгүй гэж үзэж байгаа. Харин тогтвортой макро орчны суурийг бэлдэж өгөх нь хөрөнгө оруулагчдад бизнес хийхэд нь дэмжлэг болно. Төв банк ийм байр суурь барьж байгаа. Монгол банк эдийн засгийн савлагаанаас аль болох зайлсхийхийг хичээж байна.

-Бодлогын хүүг цаашид буулгаад явах боломж хэр байна?

-Хамгийн түрүүнд нөлөөлөх зүйл бол инфляци. Инфляци цаашид яаж өрнөхөөс хамаарна. Инфляцийн төлөв байдал ирээдүйд харьцангуй нам, зорилтот төвшинд байвал бодлогын хүү буурах боломжтой. Инфляцийг нийлүүлэлтийн ба эрэлтийн шинжтэй гэж ангилдаг. Эрэлтийн шинжтэй инфляцийн дарамт харьцангуй бага тохиолдолд бодлогын хүүг бууруулах боломж үүснэ. Сүүлийн найман сарын инфляциас харахад нийлүүлэлтийн шинжтэй асуудал байна. Ургац хураалттай холбоотойгоор хүнсний ногооны үнэ огцом нэмэдсэн. Гурилын үнэ дагаад өссөн. Цаг агаарын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлийн инфляци руу орж ирж байна гэсэн үг. Эрэлтийн шинж чанартай буюу эдийн засгийн идэвхжилттэй хүмүүсийн худалдан авах чадвартай уялдаатай инфляцийн дарамтууд цаашид бий болох нь уу гэдэг дээр нарийн судалгаа хийж байгаа. Нэг талд нь хүмүүсийн орлого нэмэгдэж, нөгөө талд нь богино хугацааны хэт эрэлт үүсвэл асуудалтай. Үүнээс болж инфляци хөөрөгдвөл эргээд иргэдийн бодит орлогыг унагаах эрсдэл бий. Төв банкны онцгой анхаарах зүйл бол ийм инфляциас зайлсхийх. 

-Бодлогын хүүг өнгөрсөн жил огцом өсгөсөн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Хямралаас үүдэж тийм шийдвэр гарсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл хүндэрч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдсан байсан. Бодлогын хүүг өсгөснөөр асуудлыг шийдэж чадсан гэж хардаг. Тухайн үед төгрөгөөс зугатаж долларыг сонгох хандлага ажиглагдаж байсан бол бодлогын хүүг нэмэх шийдвэр гарснаас хойш төгрөгийн хадгаламж ихэссэн. Зах зээлд оролцогчдын эдийн засгийн төлөв, ирээдүйд итгэх итгэл нэлээд сайжирсны илрэл л дээ. Мөнгөний нийлүүлэлт сайжирсан шалтгаан ч үүнтэй холбоотой. Мөнгөний нийлүүлэлтийн дийлэнх хэсгийг төгрөгийн харилцах хадгаламж бүрдүүлж байна.

Ж.Дэлгэрсайхан: Улстөрийн тогтворгүй байдлаас болж бодлогын хүү буурсангүй

СЭЗДС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан:

-Бодлогын хүүг буулгах болов уу гэсэн хүлээлт байсан ч Мөнгөний бодлогын зөвлөл хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засгийн нөхцөл гэхээс илүүтэй улс төрийн орчны тогтворгүй байдал, түүнээс улбаалан бий болсон тодорхойгүй нөхцөлөөс шалтгаалсан байх. Эдийн засгийн өсөлт таамагласнаас өндөр гарсан, инфляци тав орчим хувьтай байгаа нь бодлогыг сулруулахгүй үргэлжлүүлэх шалтгаан болсон болов уу. 

-Бодлогын хүүг хэвээр үлдээхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг үү. Засаг бүрдсэний дараа ондоо багтаж хүүг буулгах боломж бий болов уу ?

-Өнөөгийн энэ эргэлзээтэй нөхцөл байдалд бодлогын хүүг хэвээр хадгалсан нь зөв алхам. Оны төгсгөлд нөхцөл байдал яаж өрнөхөөс шалтгаалж бууруулах боломжтой. Аль ч улсын хувьд ялангуяа Монголын тухайд бодлогын хүүг бууруулах зорилгыг тасралтгүй хэрэгжүүлэх чиглэлд ажиллах ёстой. Ингэхийн тулд хүү гэж юу болох, юунаас хамаарч болох тал дээр нэгдсэн зөв ойлголтод хүрч,ажиллах шаардлага бий. Бодлогын хүү хэд байх нь зөвхөн Монголбанкны удирдлага, Мөнгөний бодлогын зөвлөлөөс хамаарахгүй л дээ. Сүүлийн үед хүү өндөр байгаад зөвхөн банкны салбарынхан буруутай мэт харж, энэ буруу ойлголтыг нь тодорхой талуудын зүгээс үндэслэлгүй дэмжиж байгааг би хувьдаа буруу гэж боддог. Мөнгөний бодлогын хүү, хадгаламж зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь тодорхой шүү дээ. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл муу байгаатай шууд холбоотой.

-Улстөр нь тогтвортой байж бодлогын хүүг бууруулах боломж гарч ирнэ гэж ойлголоо?

-Ер нь тийм. Хүүг бууруулахын тулд улс төр, эдийн засгийн орчныг тогтворжуулах хэрэгтэй. Цаашлаад яривал эдийн засгийн өсөлтийг хангах, бизнес эрхлэх орчныг сайжруулах, иргэдийн амжиргааг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг суурь нөхцөлүүдийг хангах ёстой. Ингэсэн тохиолдолд хүү буурах боломжтой. 

-Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн жил бодлогын хүүг 4.5 хувиар огцом өсгөсөн. Энэ хэр зөв шийдэл байсан бэ. Ер нь урьд нь ийм хэмжээний огцом өөрчлөлт хийх шийдвэр гарч байсан уу?

-Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны өдөр бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн нь бодлогын хүүгийн томоохон өөрчлөлт байсан. Өмнө нь 2008 оны эдийн засгийн хямралын үед 9.75 хувиас 4.25 хувиар өсгөж 14 хувьд хүргэсэн байдаг юм. Гэхдээ энэ удаагийнх шиг урт хугацаанд өндөр түвшинд хадгалаагүй л дээ. Бодлогын хүүг өсгөх, тэр тусмаа огцом өсгөх нь эдийн засгийн талаас  харвал хүсэхээр шийдвэр биш. Гэхдээ 2016 оны өөрчлөлтийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал хэт дордсон, валютын зах зээлийн эрсдэл өндөр, төсвийн алдагдал их байсан. Энэ мэт гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалах эрсдэлээс хамгаалах гэж л бодлогын хүүг огцом өсгөсөн гэж би харж байгаа. 

-Хүүгийн огцом өөрчлөлт үр дүнгээ өгсөн үү?

-Тодорхой хэмжээнд өгсөн. Валютын ханшийн хэт өөрчлөлт, санхүүгийн зах зээлд үүсч болзошгүй дарамтаас сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадсан. 

-Гэхдээ валютын ханшид огцом савлагаа үүссэн тохиолдол гарсан. Наад зах нь л банкуудад зээлийн хүүгээ бууруулах завдал гараагүй, эдийн засагт тэлэх боломж өгөөгүй гэх мэт шүүмжлэл сонсогддог...?

-Энэ өөрчлөлтийг хийснээр мөнгөний агрегатуудын хувьд бага зэрэг өөрчлөлт гарсанаас биш нийт мөнгөний нийлүүлэлт болон хадгаламж зээлийн хүүд нөлөөлөх сөрөг дарамт ихээр гараагүй. Нөгөө талдаа эдийн засагт мөнгө улам дутагдах, зах зээлийн хүлээлт сөрөгөөр өөрчлөгдсөн зэрэг сөрөг тал байсныг үгүйсгэхгүй.