Манай улс “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард хийх ёстой. Гэвч Бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа ярихдаа “ Хэдийгээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа ч бидэнд энэ их үүсвэрийг гаргаад төлчих хэмжээний хуримтлал үүсээгүй байна. Хэрэв байгаа бүх боломжоо ашиглаад эдгээр төлбөрийг хийх юм бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай” гэсэн юм. Сангийн яам энэ асуудал дээр гадаад зах зээлээс мөнгө босгох замаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэвч Засгийн газрыг огцруулах асуудлаас шалтгаалж энэ талын арга хэмжээ авах үйл ажиллагаа энэ сарын 24-өөс зогсоод байгаа юм байна. Тиймээс Засгийн газрын тогтвортой байдал, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явах уу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байгаа гэж Сангийн яамны ТНБД  хэллээ.