ЛОНДОН. /TASS/. “Brexit”-ийг цуцалж, Европын холбоон /ЕХ/ дахь Их Британийн гишүүнчлэлийг хэвээр үлдээхийг шаардсан өргөх бичигт ням гарагийн байдлаар 5 сая гарын үсэг цугларчээ. Энэ удаа гаргасан өргөх бичгийг Их Британийн парламентын цахим хуудсанд байрлуулж байсан өргөдлүүдээс хамгийн олон хүн дэмжсэн байна.

Үүнээс өмнө “Brexit”-ийн асуудлаар бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг шаардан 2016 онд гаргаж байсан өргөх бичиг хамгийн олон буюу 4 сая 150 мянган гарын үсэг цуглуулж байжээ.

“ЕХ-ноос гарах эсэхийг “ард түмний хүсэл эрмэлзлээр шийднэ” гэж Засгийн газар нэг бус удаа мэдэгдсэн. Тус холбооны бүрэлдэхүүнд үлдэх саналыг олон нийт дэмжиж буйг харуулахын тулд бид энэ мэдэгдлийг хэрэгжүүлэх ёстой. Бүх нийтийн санал асуулга болохгүй байж магадгүй учраас одоо саналаа өгцгөөнө үү” гэж өргөх бичигт дурдсан байна.

“Brexit”-ийг цуцлах тухай өргөх бичигт хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гарын үсэг цуглуулжээ. Гуравдугаар сарын 18-ны байдлаар 10 мянган гарын үсэг цугларсан бол мөн сарын 20 гэхэд 100 мянга давсан байна. Их Британид одоо мөрдөгдөж буй журамд зааснаас үзвэл, 10 мянган хүн дэмжсэн аливаа өргөх бичигт Засгийн газар албан ёсоор хариу өгөх шаардлагатай бол 100 мянга хүрсэн тохиолдолд парламентаар хэлэлцүүлэх ёстой байна. Гэхдээ ямар нэгэн дэмжлэг өргөх бичигт тавьсан шаардлагыг биелүүлнэ гэсэн баталгаа болдоггүй байна. Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахаар төлөвлөж буй мэдэгдлийг эргүүлэн татахыг Тереза Мэй тэргүүтэй тус улсын Засгийн газар эрс эсэргүүцэж байгаа юм. Ийм мэдэгдлийг Их Британийн эрх баригчид Лиссабоны гэрээний ЕХ-ны тухай 50 дугаар зүйл заалтад үндэслэн 2017 оны гуравдугаар сарын 29-нд Брюссельд илгээжээ.a

2016 оны зургадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 17.4 сая нь “Brexit”-ийг дэмжсэн бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэхийн төлөө 16.1 сая хүн саналаа өгсөн юм. “YouGov” судалгааны албанаас өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, британичуудын 61 хувь нь ЕХ-ноос гарах хүсэлгүй байгаа бол 39 хувь нь “Brexit”-ийн тухай гэрээний төсөлд тусгасан нөхцөлийн дагуу Лондон, Брюсселийн “салалтыг” дэмжихэд бэлэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг