Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар тайлбар хийж, хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр нэг трансжендер хүн биеэ үнэлснээс болоод бусдыг нь хамаатуулж бичдэг, гүтгэн доромжилдог байдал хэрээс хэтэрснийг шүүмжлээд ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг хамгаалдаг байгууллага нь ч өөрсдийнх нь эрх ашгийг хангалттай хамгаалж чаддаггүй, үйл ажиллагаанд нь сэтгэл дундуур явдаг тухайгаа ярьсан юм.

Б.Солонго: 

"Босоо хөх монгол" ТББ-ынхан трансжендер хүмүүсийг үзэн ядаж, зургийг нь тарааж, үс гэзгийг нь хусна гэх мэтээр доромжлон нийгмийг өдөөн турхирч байна. Энэ бүхэнд би маш их харамсаж явна. Уг үйл явдлын дараа цагдаагийн болон хүний эрхийн байгууллагаас эдгээр залуучуудыг шалгаж эхэлсэн. Тухайн зургийн хувьд биеэ үнэлж байгаад аль нэг ТББ-ынханд баригдаад авахуулаагүй. ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад шөнийн сурвалжлага бэлдэж байсан юм билээ. Тэр үеэр зочид буудалд трансжендер бүсгүй биеэ үнэлж байгаад баригдсан гэсэн. Гар утас, биед байгаа зүйлийг нь хурааж авахдаа тэрхүү зургийг нийгмийн сүлжээгээр тараасан гэдгээ "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн залуу хэлсэн.

Тэр зураг дээр хүний нүдэнд гаж буруу харагдах, муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйл байхгүй. Энгийн хүмүүс баар, ресторанд орж ууж иддэг шүү дээ. Бид нар ч бас уулздаг. Тийм л зураг. Трансжендер хүмүүс дандаа нууцлагдмал байдлаар уулзаж ярилцдаг. Яг үнэндээ бэлгийн цөөнхөөс ч илүү хүнд асуудал нийгэмд зөндөө байгаа шүү. Бид нарын зургийг нийтлэхдээ Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөгч гэж бичсэн байсан. Би Үндэсний аюулгүй байдалд юу сөргөөр нөлөөлж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь тодорхойлдог гэж бодож байна. Аливаа нэг төрийн бус байгууллага сайн дураараа ингэж тодорхойлох ёсгүй.

Миний амьдрал тэр чигээрээ дарамт шахалтын дунд өнгөрсөн. Сүүлийн үед харьцангуй байдал сайжирсан ч нэг хүний үйлдлээс болж бүгдийг нь биеэ үнэлэгч мэтээр ярьж, бичиж байгаад харамсаж байна. Бид хэдий трансжендер гэсэн нэг нэрний дор явдаг ч тус бүрийн амьдралаар замнаж яваа. 

Бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах ёстой Олон улсын хөтөлбөртэй ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг хамгаалдаг байгууллага ажлаа хангалттай хийж чаддаггүй. Гудамжаар трансжендер хүмүүсийг их л аз жаргалтай, ажлын байртай мэтээр сурталчилсан зураг тавьжээ. Яг үнэндээ бидэнд ажлын байр алга.