ГАНБАТЫН БАТЗАЯА
10 сарын 25, 2023
Төрийн ордонд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Мөн УИХ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ хуулийн өөрчлөлт нь нүдээ олсон зөв шийдэл байж чадах уу? Энэ асуултад хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал ингэж хариуллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ээжийг хүүхэдтэй нь эсвэл ойролцоо насны хүүхдүүдийг нэг өрөөнд оруулаад цоожлоод орхичихдог. Орон нутагт яг ингээд цоожлоод орхидог асуудал гарсан. Ийм кэйс маш их байгаа учраас ярьж байгаа юм.
Нэг гоё тохижуулсан өрөө байдаг. Хүүхдийг нэг өдөр, хоёр өдөр цаашлаад долоо хоногоос дээш хугацаанд байлгахаар нөгөө хүүхэд чинь хичээл номондоо явж чадахгүй нийгмээс тусгаарлагдана. Ийм байдалд долоо хоног, 10 хоног байлгаад буцаагаад нөгөө хүчирхийлэлтэй орчинд нь буцааж байна.
Хүчирхийлэлд орсон хүүхэд нэгдүгээрт сэтгэл санааны хувьд хэвийн байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр сэтгэл зүйч байнгын ажилладаг байх хэрэгтэй. Гэтэл одоо хүн хүчний асуудал маш дутмаг байна. Дээрээс нь тухайн хүүхдийг сургуульд нь хүргэж өгөөд авдаг үйлчилгээ байх нь чухал. Цаашлаад ээж аавд нь ямар арга хэмжээ авч, гэр бүлд нь яаж буцаах вэ гэдэг дээр сэтгэл зүйч ажилласнаар бүх зүйл байрандаа ордог.
Гэтэл манайд буцаагаад явуулчихдаг. Эргэж очиход нь “чи намайг цагдаад өгсөн” гээд хүүхдээ бариад зоддог ээж аавууд ч бас байна. Ийм болохоор гэр бүлийн хүчирхийлэлд дахиад өртөнө, аав ээждээ зодуулна гэдэг айдсаас болж өсвөр насны хүүхдүүд гэрээсээ дайжих асуудал гардаг.
Тэгэхээр хамтарсан баг хамгаалах байр руу очсон хүүхдүүд буцаад ээж аавтайгаа ойлголцож чадсан юм уу, яагаад ийм нөхцөл байдалд орчихоод байна, ээжийн сэтгэл зүйд ямар нэгэн асуудал байна уу эсвэл аавын сэтгэл зүйд ямар нэгэн асуудал байна уу гэдэг дээр ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд шалтгаан, нөхцөлийг нь олж тогтоох ёстой гэсэн үг.
Түүнээс биш зөвхөн түлхүүр хариуцаад байж байдаг, хүүхэд ирвэл оруулчихдаг. Тэгээд хоол унд байвал худлаа үнэн болсон болоогүй юм өгдөг. Тийм хэмжээнд ажиллаж болохгүй. Жишээ нь, хүүхэд хамгааллын 108 утас байдаг. Мэдээж хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд яаралтай, хэрэгцээтэй үедээ дуудлага өгнө. Гэтэл нэг удаа зургаан сартай хүүхэдтэй холбоотой дуудлагыг 4-р сард өгсөн байхад 10-р сард нь залгаад “Таны асуудал юу болсон бэ? Би шинээр ажилд орж байна аа. Гомдол мэдээлэл чинь шийдэгдсэн үү” гээд ярих жишээтэй. Тэгэхээр хамтарсан баг яг яаж ажиллах юм, 108 яаж ажиллах юм гэдэг нь тодорхойгүй байна.
УИХ-аар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийн өөрчлөлтөд сүүлийн үед гарсан кэйсүүдтэй холбоотой асуудлыг тусгаснаас биш хамгаалах байртай холбоотой, 108 утастай холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Тэгэхээр тухайн өөрчөлтүүд тусгагдаагүй, хоорондын уялдаа холбоо нь хангагдаагүй байгаа тохиолдолд хүүхдийн эрх ашгийг хамгаална, эсвэл сайжруулалт хийгдэнэ гэж ерөөсөө бодохгүй байна.
Видео үзэх:
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.112.28] ・ 2023.11.03 Хариулах
Ambitstai teneg abgai. bitgii hudlaa bur‼️‼️‼️