Чикаго хотын эмнэлэгт болон эмнэлгийн ойролцоо зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн хүнд шархадсан гэж хотын цагдаагийн газраас мэдээлэв.

Шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн нэг албан хаагч болон эмнэлэгийн нэг ажилтан багтаж байгаа юм. Цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, гэмт этгээд нас барсан бөгөөд амиа егүүтгэсэн эсвэл хэн нэгний гарт амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Уг халдлага орон нутгийн цагаар даваа гарагийн орой 15:00 цагийн орчимд гарсан бөгөөд халдлагын ард хэн байгаа талаархи мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.

Хэргийн үеэр авсан гэрэл зургаас үзэхэд, эмнэлгийн гадна байсан хүмүүс гүйлдэж байсны дунд дүрэмт хувцастай ажилтнууд байжээ.

Галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийн эсрэг тэмцсэн цахим кампанит ажилд АНУ-ын эрүүл мэндийн салбарын зарим мэргэжилтнүүд оролцсоноос хэдхэн хоногийн дараа энэ хэрэг гарсан байна.

“Энэ он гарсаар АНУ-д 13 мянга орчим хүн зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагад өртөн амь үрэгдсэн” гэж Галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийн мэдээллийн сангийн цахим хуудсанд мэдээлжээ. Үүний зэрэгцээ 25 мянга орчим хүн шархдаж, цагдаагийн 250 гаруй албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх үедээ гэмтэж бэртжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com