Х.Оргил
01 сарын 13, 2021
Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.
Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.
Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.