Чингис хот-Бэрх тосгон чиглэлийн замыг аравдугаар сард ашиглалтад оруулна

Б.Баясгалан
09 сарын 30, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрээр Чингис хот - Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

“Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв.

Хэдийгээр бороо хуртай байж хугацаа алдсан ч ажлаа төлөвлөсөн хугацаанд нь, чанартай гүйцэтгэж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Азийн хөгжлийн банк, Арабын сангийн хөрөнгөөр Бэрх тосгоныг Дадал сумтай хатуу хучилттай замаар холбохоор үндсэндээ тохиролцоод байгааг хэлэв. 

Хэнтий аймаг энэ жил 134 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Чингис хаан хот – Бэрх чиглэлийн зам юм. Зам ашиглалтад орсноор зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дадал суманд хэрэгжүүлж байгаа “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан”  бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг шат ахина. 

Үүнээс гадна Хэнтий аймаг төвдөө 10 тэрбум төгрөгөөр авто болон явган хүний зам тавьж байна. Мөн цагдаа зэрэг төрийн байгууллагын барилгыг шинээр барьж, 10 сумын эрчим хүчний хангамжийг сайжруулан, зургаан багийг өндөр хүчдэлээр холбосон. Ирэх жил 145 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа тухай аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэллээ

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Ахмадаа хүндэтгэе” уулзалтад оролцлоо. Тэрээр эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмадуудад Ахмадын баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

"Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ" гэв. 


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.