Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар сайд нар бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


-Банкны зээлийн хүү маш өндөр байна. Үүнийг багасгахын тулд ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Бид банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх ёстой. Ингэж байж зээлийн хүү бууна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү хамгийн их буусан он жилүүд гэж бид боддог. Ойролцоогоор дөрөв орчим хувиар буусан. Үүнийг буулгахад хамгийн гол нь эдийн засгийн бодлогыг л зөв явуулах учиртай. Тэгэхээр эрх дөрвөн жилд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлнэ.

Түүнчлэн банк санхүүгийн салбарыг либералчлах асуудлыг нэлээд идэвхтэй хийх ёстой. Үүн дээр Монголбанк, Их хурал зоригтой шийдвэр гаргах учиртай. Гэтэл бодит байдал дээр банкны тухай хуулийн талаар яригдаж байгаа л чимээгүй болчихдог. Ажлын хэсэг ахалж байсан хүмүүсийн дуу нь гарахаа болчихдог. Тэгэхээр энэ ажлыг тодорхой барьж авч хийх ёстой болов уу гэж бодож байна.

-Өнгөрсөн хугацаанд ноолуурын компаниудад зээл олгож байна гэсэн. Гэтэл ноолуурын биш 100 компаниуд тэр зээлийг олгосон байсан. Яагаад хаа хамаагүй компаниудад тэр зээлийг өгсөн вэ. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Ноолуурын зээл дээр нийт 104 тэрбум төгрөг гарсан. Надад байгаа мэдээллээр 16 ноолуурын үйлдвэр зээл авсан байгаа. Зээлүүд дандаа банкуудаар дамжиж хийсэн. Хаан банкаар 24 тэрбум төгрөг гарсан, Капитрон банкаар 21 тэрбум төгрөг, Төрийн банкаар 19 тэрбум төгрөг, Хөгжлийн банкаар 40 тэрбум төгрөг тус тус гарч, нийт 104 тэрбум төгрөгийн зээл авагдсан.

-Архи, бензин, онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй байна. Ялангуяа архины татварыг нэмэхгүй бол өнөөдөр ажил хийх хүнгүй бүгд архинд орж байна?

-Дөрвөн жилдээ татварын хувь хэмжээг оролдохгүй. Харин татвараа гүйцэд авдаг болно гэсэн зарчмаар хандаж байгаа. Татварын хуулийг 2019 онд баталсан. Тус хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд явсан. Үүнийгээ сайн хэрэгжүүлээд татвараа гүйцэд сайн авдаг болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Татварын хувь хэмжээг нэмэхгүй бас буулгахгүй, НӨАТ-ын хувийг буулгахгүй. НӨАТ-ын хувь хэмжээ бүс нутагтаа ч тэр дэлхийд багадаа орж явдаг тул татварын хэмжээгээр оролдохгүй.

Коронавирусийн үед Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын албан татварыг тэглэсэн. Одоогийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл даатгуулагч нь 5 хувь, даатгагч нь 5 хувь гээд 10 хувиар тогтоож байгаа. Хуучин 20-22 хувь байдаг. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар нь цаашдаа хэсэг хугацаанд явуулж үзье гэж бодож байгаа учир сая энэ талаар их хуралд оруулж ирсэн гэдгийг хэлмээр байна.

-Тусгай зөвшөөрөл авах гэж маш их цаг зав зарцуулж байна.  Тусгай зөвшөөрөл олгож байгаа төрийн албан хаагч хүнд суртал ихтэй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?

-Тусгай зөвшөөрлүүдийн хувьд төсвийн тодотголыг дагуулаад тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болгохоор ярьсан. Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргаж байгаа хүн төрийн албан хаагчтай уулзаж шийддэг учир цаагуураа янз бүрийн юм явагдаж байна гэж үзэн тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь онлайнаар өгдөг болох гэж байгаа.