Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн хохиролтой 39 зөрчил илэрсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ үеэрээ Эрдэнэт үйлдвэр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийхдээ урьдчилгаандаа хэт их буюу 103.6 тэрбум төгрөг төлсөн хэмээн мэдэгдсэн юм.

Уг асуудалтай холбоотойгоор "Цемент шохой" ХК нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг уучлал гуйхыг шаардаж мэдэгдэл гаргасан. /Энд дарж уншина уу/


"Цемент шохой" ХК-ийн мэдэгдэл:


Уучлал гуйхыг шаардсан тус мэдэгдлийн хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн байр сууриа цахим хуудаснаа нийтлэжээ.

Тэрээр "Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Сангийн яам, Монголбанк, ТӨБЗГ, ТЕГ-ын төлөөлөл бүхий ажлын хэсгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2016-2019 оны үйл ажиллагаанд хийгдсэн санхүүгийн хяналт, шалгалтын дүнтэй холбогдуулан “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК, "Цемент шохойн үйлдвэр" ХК-иуд мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “2016-2019 онд өөрийн бүтээгдэхүүний үнэд 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа аваагүй болно” гээд намайг УУЧЛАЛ ГУЙ гэжээ.

Гэтэл шалгалтын явцад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК-тай 2017-2018 онд нийт 12 удаагийн гүйлгээгээр 84,040,360,682 төгрөг, "Хөтөлийн цемент шохой" ХК-тай 2017-2019 онд нийт 14 удаагийн гүйлгээгээр 19,537,867,923 төгрөгийн УРЬДЧИЛГАА олгосон нь гүйлгээ тус бүрт хавсаргасан албан бичиг, төлбөрийн баримтаар нотлогдож байна. Эдгээрийн нийлбэр дүн нь 103.6 тэрбум төгрөг болж байна. Холбогдох материалуудыг та бүгдэд хүргэж байна. УУЧЛАЛ ГУЙХГҮЙ ээ" хэмээн нийтлэсэн байна.