УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бодлогын шинжтэй зарим асуудал тусгагдсан байгаа. 

Мөн орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын бохирдлын төлбөр болох хөрөнгө мөнгөний 50 хувийг, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг ирэх оноос, үлдэх 50 хувийг 2020 оноос орон нутагт шилжүүлэх, мөн газрын тосны орлогын 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээнэ. 

Ер нь орон нутаг өөрсдөө орлогоо олж бүрдүүлдэг, олсон орлогоо өөрсдөө мэдэж зарцуулдаг, бие дааж хөрөнгө төсвөө шийддэг байх зарчмыг цаашид барьж ажиллана. Түүнчлэн 2019 онд хийх улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулиудыг гурван ээлжгүй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад голлон чиглэж байгаа. Бусад төсөл хөтөлбөрүүдийг гадны зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай зүйлд л зарцуулна, хувийн хэвшил амжилттай хийж хэрэгжүүлж байгаа салбар руу төр оролцоод байх шаардлага байхгүй гэсэн зарчим барьж байгаа" хэмээн ярилаа.