УИХ-ын 2020 оны сонгуулийн албан ёсны дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн ерөнхий хороо үзлээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай, томсгосон тойргоор зохион байгууллаа. Шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг шалгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан. 

Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч буюу нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгав. 

Сонгуулийн эрх бүхий 2.003.669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.475.895 сонгогч буюу нийт сонгогчийн 73.65 хувь нь саналаа өглөө. Энэ нь 2000 оноос хойш явагдсан УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Хяналтын тооллогоор гарсан дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрүүгүй гарлаа. 

УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН 62, АН 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, Бие даагч 1 тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэж, тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нийт 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа. 

УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76-д Монгол Улсын Их хурлын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргалаа. Үнэмлэхийг даваа гарагийн 10.00 цагт Төрийн ордонд гардуулна. Иргэдийн сонголты хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл, мэдээлэл хийсэн нам, эвслүүдэд талархлаа" хэмээлээ.