Л.Дэлгэрмаа
09 сарын 06, 2022
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 7,8-ний өдрүүдэд Shangri-La зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болох гэж байна.
10 дахь удаагийн “Coal Mongolia 2022” чуулга уулзалт 6 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” гэсэн сэдвээр үргэлжлэх юм.
Тус хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол Нүүрс Ассоциаци, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Эрдэнэс Монгол” ХХК, MERA ГРУПП болон Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох юм. Тухайлбал, Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монголын нүүрс үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудлууд” сэдвээр, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт ба хууль эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэхээр байна.
Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ хамгийн чухал байдаг. Үүнтэй холбогдуулан MERA ГРУПП-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь”-г танилцуулах бол Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” судалгааны үр дүнгээ хуваалцах юм.
“Сэргэлтийг хамтдаа” уриа дэвшүүлсэн “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын энэхүү хэсэгт Монгол дахь Австралийн Худалдааны ТУЗ-ийн дарга, Жулиен Лауренс оролцож, “Австрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” илтгэлийг хэлэлцүүлэхээр байна. Энэ хэсгийн сэдвийн хэлэлцүүлгийг Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан чиглүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.