СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг энэ сарын сүүлээр БНСУ-д айлчлахаас өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзана хэмээн найдаж байгаагаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гарагт илэрхийлжээ.

Ким Жөн Унаас Д.Трампт захидал илгээсэн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлж, цөмийн хэлэлцээ дахин эхэлж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед Мүн Жэ Ин ийнхүү мэдэгдсэн байна. 

Мөн БНАСАУ-ын удирдагч БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж буйгаа захидлаар дамжуулан илэрхийлсэн нь хоёр Солонгосын харилцаанд таатай мэдээ болжээ. 

“Хэрэв боломжтой бол Д.Трампын айлчлалын өмнө Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байна” гэж Мүн Жэ Ин "Осло форум"-ын үеэр үг хэлсний дараа мэдэгджээ. Мөн тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай дөрөв дэхь удаагаа уулзах хүсэлтэй байгаагаа дахин нотлоод, энэхүү шийдвэр Ким Жөн Унаас шалтгаална хэмээн хэлсэн байна. 

Д.Трамп Японы Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд зохион байгуулах “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Мүн Жэ Интэй хэлэлцээ хийхээр БНСУ-д айлчилна. Уг айлчлалын товын талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг