"ТЭВЧ.ИТГЭ.ХҮЛЭЭ! тэгвэл чи ялна" гэдэг үг энэ номын агуулгад сайхан тохирох юм байна. Дайтах урлагийн тухай боловч дайныг эсэргүүцсэн үзэл санаа агуулах парадокс шинжтэй. Дайтах урлаг, цэрэг дайны стратегийг дээд цэгт нь хүртэл хөгжүүлж чадсан Хүннү нарын эсрэг бодож боловсруулсан цэрэг- улс төрийн тактик, арга мэх, стратеги юм. Хэрэв та урд хөршдөө сайнаар ханддаг бол сайн хөршийнхөө бодол санааг бүүр сайн ойлгоод авж болно. Хэрэв та нанхиад хүнийг дайснаа гэж үзэн яддаг бол дайсныхаа арга мэхийг мэдээд ав. Аль ч байсан та Монгол хүнийхээ хувьд уншихгүй бол болохгүй номын нэг байна. Хөршийнхөө далд нууц санааг гадарладаг байх хэрэгтэй.

"Дайтахгүйгээр дайснаа буулгаж авах" арга мэх бол үнэн тасархай. Цэрэг дайны үйлийг хүний дотоод мөн чанарт тулгуурлан авч үзсэн нь энэ судар өнөө ч мартагдахгүй, чухалд тооцогдох нэг шалтгаан юм. Нанхиад төрийн уламжлал тасралтгүй явж ирсний нууц, одоо хүчирхэгжин мандсаны учир шалтгаан, зүй тогтлыг энэ номоос хялбар ажиглаж болохоор байна. Уламжлалдаа үнэнч байх гэдэг өөрөө улс үндэстэн бат оршихын үндэс юм байна. Би ингэж ойлголоо. Нанхиадын үзэл санааны аваргууд болох Мэнз, Күнз, Лаоз, Жуанз нартай эн зэрэгцэх цэргийн онолч Сүнзийн судар нь гагц цэрэг дайны тухай биш Нанхиад төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлж өгсөнд гол учир нь байнаа гэж би харж байна.

Ус шиг өнгөгүй, хэлбэр дүрсгүй орших тухай өөрөөр хэлбэл далд нууцлаг, учир битүүлэг, тайлагдашгүй оньсого мэт байх нь дорнын сэтгэлгээний онцлог төдийгүй давуу тал нь юм. Уг судар Даосизмын үзэл санаатай нягт уялдаж бичигдсэн тул дотор хүний дотор санааг чухамхүү нарийн тодорхой мэдэж авч болохоор байна. Ус чулууг элээдэг, зөөлөн нь хатуугаа иддэг байгалийн жамыг улс төрд ашиглах "Зөөлөн хүч"-ний бодлого энэ үеэс эхэлсэн байх.

Нанхиад хүн төрдөө , уламжлалдаа үнэнч учраас хаанахын хэнбугай ч төр барих нь падлий байдаггүйн учир тодорч байна. Зүрчидийн Агуда, Монголын Хубилай, Манжийн Энх-Амгалан хэн ч байсан нанхиад хүн байхдаа гол биш тэр төр нанхиад уламжлалаа хадгалан залгамж чанараа алдахгүй тасралтгүй урагшилж байхад л болно. Юм бүхэн цаг хугацаатай учир харийн дарангуйлал нэгэн өдөр нуран унахад төр нь уламжлалтайгаа бүрэн бүтнээрээ үлдэж хоцрох болно. Дорно дахинд уламжлалаа хадгалсан төрүүд өнө удаан оршдог.

Нэг яриа байдаг юм. Льюшан ч билүү нэг өндөр уул хот орох хамгийн дөт гол замыг нь хаадаг учраас тосгоны нэг өвгөн тэр уулыг сэтэлж дөт зам гаргахаар хүрз зээтүү барин очсонд хүмүүс шоолон инээлджээ. Өвгөн "Миний хүч чадал дорой, амь нас хэврэг гэдгээ мэднэ. Би эхлэлийг нь тавьж байгаа юм. Надаас хойш миний хүү, үр ач, жич гуч хэдэн үеэрээ ухахад зам гарах учиртай " гэж хэлсэн гэнэ. Түүнээс хойш хэдэн үе дамжин уйгагүй ухсаар тэр уулыг нүхэлж зам гаргасан гэнэ. "Уйгагүй хүн уул нүхэлмүй" гэх үг ийм учиртай биз. Энэ яриа үнэн худал эсэх нь чухал биш харин Нанхиад хүний тэсвэр тэвчээр, алсын хараа, залгамж чанараа алдахгүй байх зэрэг шинж чанарууд харагдаж байгаа юм. Хөршөө дайсан гэж хий хоосон зүхэж суухаар ядаж бодол санааг нь мэдээд авах нь чухал.

Цэрэг дайны стратеги, улс орны бодлого, пүүс компанийн зорилго, хувь хүний хөгжил гээд аль ч утгаар нь харж уншиж ойлгож болох шинж чанар нь энэ номын хамгийн сонирхолтой хөрвөх чадвар байх. 13 бүлгээс бүрдэх уг бэсрэг судрын тухай зүүлт тайлбарууд ар өвөргүй байгаа тул олныг өгүүлэхээс төвөгшөөн өөрийн бодлыг товчхон бичлээ. Нанхиад "Алдарт дөрвөл"-ийн нэг "Гурван улсын үлгэр"-ийн гол баатар Цао Цао жанжин энэ судрыг ширээний номоо болгож үхэн үхтлээ судласан төдийгүй цэрэг дайны стратегий нь амжилттай туршиж, амьдралд хэрэгжүүлж чадсан анхны түүхэн баатар гэнэ шүү!