Стив Морэл: Монголын хөдөө шиг диваажин үгүй, хайрлаасай хамгаалаасай гэж хүсдэг

“Монголын хөдөө нутаг, онгон дагшин байгалийг энэ л хэвээрээ байгаасай гэж хүсдэг” хэмээн чин сэтгэлээсээ ярих энэ эрхмийг Стив Морэл гэдэг. 

Тэрбээр монгол судлаач, морин хуурч бөгөөд Монголд 12 жил амьдарч буй Франц улсын иргэн юм.


Хүн гэж ямар өчүүхэн оршихуй вэ гэдгийг санагдуулдаг хөдөө нутаг гайхамшигтай

Мод ургамлын үнэр, уул усны сайхан, салхины сэрчигнэх чимээг мэдрэхэд хэл соёлын ялгаа гэж байдаггүй. Энэ бол хүний төрөлх мэдрэмж, байгальтайгаа холбогдож буй амьтны зөн юм. Бид байгаль эх рүүгээ тэмүүлэх тэр нандин мэдрэмжээ мартчихаад байгаа, яагаад гэж үү, гар утасны дэлгэц ширтэж, шал дэмий стори, рийл үзсээр тэр гоо сайхныг анзааралгүй өнгөрүүлчихдэг.

Монголд ирээд хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүйл гэвэл Монголын уудам тал нутаг.  Франц улсад уул, тал бий. Харин Монголд уулсын бараа алсаас цэнхэрлэн зэрэглээтэж харагддаг. Ойрхон юм шиг санагдавч хүртлээ нэлээн хэдэн цаг машинаар давхилаа, уул байрандаа л оршино. Тэр хооронд орших орон зай бол хүн өөрийнхөө өчүүхнийг мэдрэх, байгаль эх өөрийнхөө гайхамшгийг бишрүүлж мэдрүүлэх агшин шиг санагддаг.

Хөдөө цахилгаан цахих тэр мөч үнэхээр сүрдэм шүү.

Цуурай нь хүчтэй бууснаа тэгээд алсарна. Тэр үед би өөрийгөө байгалийн өчүүхэн жижиг хэсэг гэдгээ мэдэрдэг.

Монголын хөдөө зөвхөн харагдах үзэмжээрээ төдийгүй, бүхий мэдрэхүйгээр өөрийгөө хүний таван мэдрэхүйгээр мэдрүүлдэг. Салхи, өвсний үнэр, малын чимээ, алсад цайрах уул, борооны дараах үнэр гээд бүхий л зүйл нь амьд. Яг л амтлагчийн зах дээр явж байгаа мэт санагдана. Жимс, цэцэг, сонгино гээд бүх үнэр холилдох нь таатай. Монголын хөдөө харах, сонсох, үнэрлэх бүх мэдрэмжээр баялаг гэж үүнийг хэлээд байгаа хэрэг. Тиймээс би Монголын хөдөө нутгийг диваажин гэж боддог.

Ялангуяа байгалийн сайхантай тусгай хамгаалалттай газрууд бүр ч сайхан. Уг нь бид газар нутгийг тусгай хамгаалалттай, хамгаалалгүй гэж ялгах шаардлагагүй л санагддаг. Яагаад гэвэл адилхан сайхан байгаль шүү дээ. Бүгдийг ялгалгүй хайрлаж хамгаалаасай гэж хүсдэг. 

Агаарт гарахаараа би мод тэврээд “баярлалаа, баярлалаа” гэж хэлмээр санагддаг. Үнэхээр сайхан мэдрэмж. 

Байгаль бол зөвхөн хамгаалах ёстой амьгүй объект биш. Энэ бол хүний сэтгэл зүй, амьдралын чанар, эрүүл мэнд, соёл, эдийн засагтай шууд холбоотой амьд орчин юм.

Монголын байгаль, өв соёл хоорондоо салшгүй холбоотой

Монголын үнэт зүйл бол цэвэр агаар,онгон байгаль, өв соёл юм. Энэ гурав бол монголчуудын амьдралын үндэс.

Олон мянган жилийн турш арьсаар эдлэл, модоор сийлбэр хийж, байгальтайгаа шүтэлцэн амьдарч ирсэн. Ийм сайхан байгалиа, тусгай хамгаалалттай газар нутгаа хүртэл хайрлахгүй байгааг харахад хэцүү санагддаг.

Би Франц хүн. Тиймээс та нарын асуудал гэж хэлээд өнгөрч болох байх. Гэхдээ би Монголд хайртай. Энэ уулс, энэ соёл мөнх байгаасай гэж хүсдэгтээ хэлэхгүй өнгөрч чаддаггүй.

Өв соёлд олон зүйл багтана. Жишээ нь хэл соёлыг хэзээд орхигдуулж болохгүй. Миний эмээгийн ээж тухайн ястныхаа хамгийн сүүлийн хүн байсан. Тэр хүн өөд болсноор манай ястан, хэл, соёл, уламжлал устсан гэсэн үг.

Тиймээс ийм зүйл битгий тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Байгалиа хайрлах хэрэгтэй.  Монголчуудын нүүдэлчин соёл, уламжлалт мэдлэг, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн арга ухаан нь өнөөдөр дэлхий дахинд дахин үнэ цэнтэй болж буй мэдлэг юм шүү.

Байгальд ээлтэй амьдрах ухаан ахмад настнууд, малчдад л өвлөгдөж үлдсэн

Дэлхий даяар байгальд ойр амьдардаг ард түмний мэдлэгийг анхаарч, анзаардаг болжээ. Монголд энэ мэдлэг тууль, зүйр цэцэн үг, ерөөл, гэрийн хүмүүжил, малчдын өдөр тутмын амьдралд шингэн оршсоор иржээ.

“Заавал их дээд сургуулиас сургуулиас сурах шаардлагагүй. Хөдөөний өвөө, эмээ нарт байгальтайгаа зохицож амьдрах асар их мэдлэг бий. Гэтэл тэр мэдлэгийг мэдлэгийг орчин үед үл хайхраад байгаа. Хамгийн ойрын жишээ бол Богд уулын Дархан Цаазат Газар. Би Монголд 12 жил амьдарч байна. Сүүлийн 10 жилд энэ сайхан газар ямар их өөрчлөгдсөн гэж санана. Самар түүх нэрээр мод сүйтгэх, уулын аманд байшин барилга барих, хог хаях нь ихэссэн. Самар түүж модыг сүйтгэж байгаа хүмүүсийг дэмжихгүйн тулд би самар авдаггүй. Би ийм зүйлийг дэмжиж мөнгө өгмөөргүй байна. 

Байгальдаа хамгийн ойр ард түмэн хэрнээ яагаад…?

Монголчууд уул, ус, газар шороогоо хайрладаг эртний уламжлалтай. Байгалиа дээдэлсэн домог, ерөөл, цээр, зан үйл, зүйр цэцэн үгстэй. Тэгсэн хэрнээ байгальдаа хог хаяж, мод гэмтээж, дархан цаазтай ууланд барилга барьж, амралт зугаалгын дараа хогоо үлдээгээд байгааг би ойлгодоггүй. Түүнийг нь хараад заримдаа уйлмаар санагддаг.

Монголын байгаль бол зөвхөн аялал жуулчлалын газар биш. Энэ бол бидний амьсгалах агаар, уух ус, малын бэлчээр, хүүхдүүдийн ирээдүй, өвөг дээдсээс үлдээсэн үнэт өв, уламжлалт мэдлэг, дахин давтагдашгүй соёлын орон зай юм.

Холбоотой сэдвүүд

дэлхий эко

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.