Яг энэ цаг мөчид, энэ ертөнцөд энэ л бие болоод энэ л оюунаараа ганц л удаа амьдрах учир... 

Төрөл бүрийн чиглэлийг сонирхон судлах, олон янзын газраар явж, аль болох олон хүмүүстэй уулзаж, тэдгээрийн үзэл бодол болоод үнэ цэнийг нь мэдрэн, гайхалтай олон дурсамжуудыг бий болгохыг ямагт эрмэлзэж явдаг. Мэдээж энэ сониучхан зан минь цаг хугацаатай гэдгийг мэдэх боловчиг, эгэл намуухнаар өнөөдрийг угтвал, эргээд харахдаа хамгийн ихээр санааширна гэдгээ л машид мэдэрсээр... Энэ бол надад өгөгдсөн цаг хугацаанд туугдаж яваа хамгийн том мөр минь.

Үе үе бусад хүмүүсийн хэзээ ч төсөөлөхөөргүй, ойлгохгүй хачин хачин үйлдэл гаргаж, бичлэг, зураг нийтлэдэгийг минь та нар минь мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн үеийн тэдгээрх бүх цаг хугацааг ухраан авч үзвэл жаран насандаа үр хүүхэд, ач зээ нартаа "Эгшиглэн эмээ нь залуудаа" гэж хэлээд тэдгээр дурсамжуудаа хуучлан, зураг, бичлэг мөн дэвтэрнүүдээ харуулахыг зорьж буй минь л тэр. 

Ийнхүү өөрийнхөө суурь итгэл, үнэмшилийг эрэлхийлсээр өнөөдрийг хүртэл явах зуураа хүн бүрийн заяагдмал чанар, болоод тэдгээрийн үнэ цэнийг хүндэтгэн мэдрэмжтэй байвал зохих, мөн хүнтэй хүн ёсоор харьцах ёстой гэдгийг ухаарсан байдаг. 

Би амьдралынхаа туршид нэр хүндийг хүсэхгүй, эсвэл хэн нэгэнд таалагдахыг... Зөвхөн намайг хүн гэдгээр минь л хүлээн авч, өөрөөрөө байгаа байдлыг маань ойлгоосой, хүндэтгээсэй гэж л хамгийн ихээр хүсдэг. 

Ингээд гол зүйлдээ орцгооё. Сонирхуулахад надад "Миний хэзээ ч мартаж боломгүй үйл явдлууд" мөн "Миний хэзээ ч мартаж боломгүй хүмүүс" гэдэг хаягтай 2 дэвтэр байдаг. "Миний хэзээ ч мартаж боломгүй үйл явдлууд" дэвтэр дээр маань одоогийн байдлаар нийт 656 сонирхолтой үйл явдал, Харин "Миний хэзээ ч мартаж боломгүй хүмүүс" дэвтэр дээр маань 1567 хүмүүс бичигдсэн байна. Энэхүү хоёр дэвтэр болох сэтгэлийн гүнээ  уудлан та бүгдэд сонирхолтой гурван түүхийг хуваалцах болсондоо туйлын таатай байна.  Бас нээрээ миний энэ дэвтэр дээр өөрийгөө байдаг эсэх ээ, "Байна уу?" гэж коммент бичиж үлдээгээд мэдэж болно шүү. 

                                                 ***

 Дахиж хэзээ ч уулзаагүй Тэмүүжин хүү


Айлын бага болж өссөн болохоор дүүтэй болохыг мөрөөдөж, хамаатан садан, танил дүү нарыгаа хамгийн ихээр хайрлаж тусалж, дэмжиж явсан боловч үргэлж дутуу үнэлэн, надаас хойш л энэ хорвоод мэндэлсэн учир юу мэдэх вэ? дээ гэж ханддаг байсан эндүүрэл дүүрэн өдрүүд дуусгавар болсон түүхийг ярьж өгөе. Өнөөдөр бол 2021 оны 11 сарын 22ны өдөр, одоогоос яг 3 жилийн өмнө өдийд ажил, хичээлээ зохицуулж чадаагүйн улмаас тааруу дүнгүүд авч багшдаа зэмлүүлээд сэтгэл санааны гүн хямралтай Монгол Улсын Их Сургуулийн 1-р байрны гарцан дээр талбай тийш алхахаар гэрлэн дохиог хүлээн зогсож байсан юм. 

Энд надтай хамт 6,7 хүмүүс зогсож байсан ба гиеүрэн эргээд хартал Батлан хамгаалахын харьяа Тэмүүжин Өрлөг сургуулийн цэмбэгэр гэгч нь дүрэмт хувцастай 5 дугаар ангийн Тэмүүжин гэх хүү цахилгааны шонг налчихсан, хамраа ухаад сүрхий бодолд автсан байдалтай зогсож байна. Би харангуутаа эгдүүрч "Хүүш яагаад хамраа ухчихсан зогсож байдаг билээ" гэж хэлтэл тэр даруй болингуутаа, ичингүйрэн инээв.

Ойр орчмын хүмүүс хүүг өхөөрдөөд л бөөн инээдэм болоод зогсож байтал ногоон гэрэл ч аслаа.

Би ч жуумалзаад л... алхаад талбай руу явж байтал надтай тун ойрхон тэр хүү алхаад инээхчээ аядаад л алхаад л байх юм. Тэгж тэгж талбайг хамтдаа гатлаад төв шуудангийн гэрлэн дохион дээр зогсохдоо, "Чи хаачих юм? 2лаа нэг зүг бол эгч нь хань болж алхая" гэтэл "ээжийн ажил руу Peace Mall" гэв. Уухайн тас "Өө нэг зүг юм байна" гэж хэлээд л хамт алхан танилцав. 

Би сэтгэл доторхоо тэр жаахан хүүхдэд сайнтай, муутай бүгдийг нь л хэлж орхилоо. 

"Амьдрал хэцүү байна, эмо байна, би азгүй юмаа" гээд л утга учиргүй баахан зүйл ярилаа. Сая нэг сэтгэл уужирч... Гэтэл тийм жаахан хүүхдээс тийм ухаалаг үгс гарна гэж боддог ч үгүй явж байсан. Шууд л асуудлын цөм рүү дайраад л. Та ингэж болно, тэгж болно

... "Та яагаад хожим ажиллахын төлөө одоо сурж байж ажил хийгээд, хичээлээ сурахгүй байгаа юм бэ? Ажлыг та төгсөөд ч хийж болно. -Та ажлын цагаа багасгавал яадаг юм? сайн хайвал арга зам зөндөө байгаа, хүсвэл та онлайнаар ч мөнгө олж болно. 

Миний ээж онлайнаар мөнгө олдог" гэж хэлдэг. Би хариуд нь жаахан ичихдээ чив чимээгүй хэсэг алхаснаа, "Нээрээ л тийм юм байна, ийм амархан л зүйл байж дээ... миний асуудал шийдэгдлээ гэж үзэж байна. Одоо тэгвэл чиний амьдралын талаар ярилцах уу, сонин сайхан юу байна даа? хэцүү зүйл байна уу?" гэтэл тэр жаахан хүүгийн ярьсан яриа, зовлон уй гуниг нь минийхаас хэдэн арав дахин илүүтэй байсанд намайг гүн гүнзгий бодолд автуулсан юм. 

Мөнөөх л хүний мөн чанарыг авч үздэггүй, гэр бүлийн айхтар том асуудал... Peace Mall дээр хэдийн иржээ.

Энэ тухай сонсоод зөвлөгөө ч өгч чадалгүй цочирдсоор гарцан дээр өөрийнх нь хувийн орон зайд халдсан даа гэмшин уучлал хүсээд, "Чи бид 2 дахиад заавал тааралдана аа...

Надад амласан амлалтдаа, хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй" гэж хэлээд салсан байдаг. Яг энэ үйл явдлаас надаас дүү хүн ч гэсэн өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол болоод нэр төртэй болохыг ойлгож авсан байдаг. Мөн надад маш сайхан мэдрэмж өгч, тэр л агшинд өөрийн нэр төр гэдэг зүйлийг ухаарах.... Тэмүүжингээ олж уулзана аа...

                                                ***

 Яагаад ч юм би тэр охиныг инээлгэхийг хүссэн

2017 онд хийцгүйрэн уйдаж явахдаа МУИС 2-р байрнаас Ч:57 автобусанд бөөн алаан болж, хойноосоо үсдүүлэн барин нэг юм суулаа. Ямар хөгжилтэй гэж санана. Та нар 17 цаг өнгөрөөгөөд суугаад нэг үзээрэй. 

Эцсийн зогсоол болох Улаанчулуут гэж ямар газар болохыг сонирхон суусан хэрэг. 10-р хороолол өнгөрөөд 3-р эмнэлэг явж байх замд хамгийн арын суудал дээр сууж буй нэг охин чихэвч зүүчихсэн зогсоо зайгүй уйлж гарлаа. 

Саппоро, Цамбагарав... Яагаад ч юм би тэр охиныг инээлгэхийг хүссэн. Гэхдээ хүмүүс чихцэлдсэн, хол зайтай би чинь босоо Монгол амьтан зогсож байсан учир ойр хавийхныг инээлгэж байж тэр охиныг инээлгэж чадна гэсэн бат итгэл төрөв. 

Тэгээд л яах вэ? гэж бодож, бодож хажууд сууж байсан хацар нь хонхойдог охин руу харан "Хөөх хацар чинь, ямар гоё хонхойдог юм бэ? Хацрын чинь хонхорхой руу чинь хамраа хийж үзэж болох уу? Нэг тийм үйл явдал тохиосноо зурагтайгаа хамт пост биччихсэн яваад байсан өөрөө тэр охин мөн үү?" гээд л ёстой элийрч гарлаа шүү. Хүмүүс ч бас чихцэлдсэндээ ч тэр үү утсаа оролдох сөхөөгүй, амьд харилцаатай орчинд байсан даа ч тэр үү анхаарал нь ихэд тусч инээлдэцгээгээд л... Би ч бүр хөөрөөд нөгөө охиныг инээхээр ваав дахиад нэг инээгээд өгөөч тэгэх үү? хацрын хонхорхойг чинь үнэхээр хармаар байна гээд л... нөгөө охины ч баяр баясгалантай инээдгийг ч хэлэх үү? 

Хүмүүс хараад инээхгүй байхын аргагүй... Гэхдээ миний инээлгэе гэж бодсон охин инээлгүй, чихэвчээ авснаа буцааж зүүж мүүгээд л жаахан гайхсан харцтай л хараад сууна. Гэхдээ уйлахаа больсон байлаа.

Түгжрэл дунд гэрээсээ арай л хол ирчихсэн тул 21 дүгээр хороолол дээр буухаар шийдэж, хаалга руу дөхөж очоод нөгөө хацар нь хонхойдог охинлуу хандан за би буулаа, сүүлийн удаа нэг удаа инээгээд, хацраа хонхойлгоод харуулчих... гээд л тэгсэн энэ удаад тэр хавийн бүх хүмүүс хөхрөлдөөд л явчихдаг. Тэгэнгүүт л нөгөө уйлж буй охинруу гараараа чихэвчээ авч бай гэж дохиод "Битгий уйлаарай, инээгээрэй" гэж орилон хэлтэл толгой дохиод инээмсэглээд хоцорсон. 

Би чинь нээх сайхан энергитэй болчихсон амьдрал баялаг энэ тэр гээд бодолхийлээд зам гарах гээд зогсож байтал өнөөх охин чинь буугаад ирчихсэн "Хөөе охион" гэдэг байгаа сайн уу? гээд хэлэхийн зөрүүгүй "намайг тэвэрч болох уу?" гэхээр нь зөвшөөрөн тэврүүллээ. 

"Надад тэврэлт л хамгийн ихээр хэрэгтэй байна, Ямар ч амьдрах утга учир, хүсэл байхгүй болсон мэт санагдаж байгаа" гэдгээ, юу тохиолдсон тухайгаа ярилаа. Харин би энэ удаад сэтгэл санаагаар сайн дэмжиж өгөөд, тэр охиныг дараагийн автобусанд нь суулгаж өгөөд гэррүүгээ харьж билээ. 

Энэ үйл явдлаас өөрийгөө хүн болж төрсөндөө хамгийн их баярлан, сэтгэл минь их л дулаацан сайхан мэдрэмж төрч өөрийн нэр төрөө ухамсарлаж байснаа хэзээ ч мартдаггүй юм. 

Хүнд амьдрал даах хэмжээгээр нь л зовлон гэдэг зүйлийг өгдөг. Би зөв цагтаа зөв үйлдэл хийж..

Тэр охин ч бас зөв цагт маш зөв үйлдэл хийсэн. Би автобусанд мэдрэл муутай хүн шиг харагдсан ч бай надад хамаагүй ээ... Тэр охинд багахан хэмжээний инээд гэдэг зүйлийг итгэлтэй нь хамт бэлэглэж чадсандаа л хамгийн их баяртай явдаг. 

                                            ***

 Нийгмийн толь- Барбарис чихрийн амт

Автобусанд ер нь их зүйл тохиолдоно оо. Миний дэвтрийн тоотой хэдэн үйл явдал автобусанд өнгөрсөн байх аж. 2019 оны шинэ жилийн баярын өмнөх 7 хоногт төслийн менежментийн сургалтанд суучихаад автобусанд явж байтал арын карт даруулдаггүй хаалгаар нэг ядруухан, ноорхой хувцастай томоос том шуудайнд ундааны савнууд хийж хоёр гартаа барьсан ах орж ирэв. 

Автобусны жолооч юм хэлээгүй ээ. Хэлвэл би даруулна даа гэж бодон хамгийн арын суудал дээр сууж байсан учир байдлыг ажив. Хүмүүс цэрвээд л... цэхэн цохон хийж хараад л... Өдөржин савнууд цуглуулаад энэ эх дэлхийд биднээс ч илүү үнэлүүштэй үйл хийж мөнгө олж яваа миний аавын насны хүн байх ажээ. 

Бодвол ядарсан л байлгүй дээ. Даарч хөрч л яваа байх... гэж бодон хэсэг хугацаа өнгөрөв. Суудал тавиад өгөх хүн үнэндээ алгаа, гэтэл нэг эгч жаахан дайжаад босоод урагшаа явав. Хүний биеийн хэлэмж гэж айхтар зүйл байдаг хойно... 

Хэдий бохир ундааны савнуудаас, эвгүй үнэрээс нь хургаж байгаа ч гэсэн арай өөр биеийн хэлэмжтэйгээр суудал тавьж өгч болох л байсан. Өнөөх ах суусангүй ээ, суугаад ч шуудайтай юмнуудаа бариад суултай биш зай байхгүй байхад ч гэж бодсон уу? мэдэхгүй... За тэгээд би чинь хамгийн арын суудлаас босоод "ахаа та ийшээ суу" би таны шуудайтай зүйлийг бариад энд зогсчихоё гэтэл надруу нэг сүрхий харсанаа юу ч хэлэлгүй, толгой дохиод суусан. Яг энэ үеээр тэр хавийн хүмүүс яах нь уу? гэсэн харцтайгаар илт төвөгшөөж байгаа нь мэдрэгдлээ. 

Би ч хоёр том шуудайтай зүйлсийг нь бариад 2,3 буудлын турш явлаа. Шинээр орж ирж байгаа хүмүүс санаа зовтол, зовтол харж байна аа... би тухайн үед залуу насны ааг омгоороо (аая одоо ч залуу л байгаа л даа ккк) цав цагаан өнгийн куртик өмсдөг байлаа. Амархан тас хар болохыг нь яаана аа ядаж байхад... Тэгээд автобусанд суухдаа сандалнуудаас нь хажиглаад л хар болгочихно гээд налахгүй явдаг байсан ч гэсэн би тэр үед тэр шуудайнуудыг барьж, тэвэрч, ийш тийш болгохдоо ерөөсөө хажиглалгүй, "Дахиад л угаачихъя асуудалгүй..."  гэж бодон тэр хүнд аль болох эвгүй мэдрэмж төрүүлэхгүй байхыг л хичээсэн. 

Ингээд тэр ах оффицеруудын ордны автобусны буудал дээр буух болоод сандалнаасаа дөхөж ирээд надад карманаасаа барбарис чихэр гаргаж өгөхөд, нүдэндээ  хоёулаа нулимстай, яг ямар гээчийн сэтгэл хөдлөл гарав аа. Үнэхээр хэлэх ч үг олдоогүй ээ... 

Тэр хүн тэнд миний сууж байсан суудал дээр сууж байхад, хажууд нь байсан хүмүүс эвгүйрхэж байгааг мэдэрч байсан ч гэсэн, сэтгэлд нь жаахан ч болов гэсэн дулаан мэдрэгдсэн байхдаа... гэж бодогдоод л...  Намайг ч бас хэрхэн хүндэтгэж буйг хараад энэ л зүйл юм байна гэх мэдрэмж төрөв. Тэр ахыг буусны дараа автобус дотор байсан бүх хүмүүст орилж хашгираад эвгүй үнэртлээ гээд хүний үнэр гэдэг зүйл хэзээ ч алга болохгүй гээд нэг сайн хэлмээр санагдсан...

Гэхдээ тэр түмэн олноос, бид хоёрт тохиолдож буй сценийг нүдээрээ харж ухаарал гэдэг зүйлийг авсан хүн бий гэдэгт итгэлтэй байгаагийн дээр, тухайн хүний л хандлага учир чимээгүйхэн инээмсэглээд л өгсөн барбарис чихрийг нь хүлхээд л үлдсэндээ... 

Ингээд бодох нь ээ хүн та өөрөө нийгмийн толь, таны гаргаж буй үйлдлийг бусад хүмүүс тольдон авч түгээдэг.  Та өөрийн нэр төр болоод бусдын нэр төрийг хүндэтгэж үздэг байхад л хангалттай. Тиймээс нийгмийн толиор сайн сайхан энергийг түгээхийг хичээгээрэй. Би яг энэ л түүхээс өөрөө өөрийнхөө болоод бусдын нэр төр гэдэг ямар эрхэм зүйл болохыг ойлгож ухаарсан байдаг. Эцэст нь энэхүү түүхүүдээс дүгнэн харвал хүн хүнийхээ сэтгэлд ямар аугаа их ухаарал, ямар сайхан мэдрэмжийг өгч болдгийг харж болно. Хүн л бол адилхан хүн. 

Хүний эрхэм төр гэдэг зүйлийг хэнбугай нь ч танаас булааж чадахгүй.

Тантай, чамтай, таны аав, ээжтэй, дүүтэй чинь, ахтай чинь, эгчтэй чинь мөн надтай адил үнэлэгдэж, хүндлүүлэх учиртай энэ бол жам ёсны зүйл юм. 

- Таны уурыг хамгийн ихээр хүргэдэг хүмүүс

- Нийгмийн дийлэнх нь жигшиж, цэрвэж байдаг ядруухан хүмүүс

- Гадаа гудамжинд хөлчүүрхэн хэвтэж буй хүмүүс 

Тэр хүний амьдралд, цаана нь юу ч тохиолдсон байж болдог учир нэр төр гэдэг зүйлийг нь ямагт хүндэтгэж яваарай найзуудаа!

БИД БҮГДЭЭРЭЭ ХҮН

ТА Ч ХҮН БИ Ч ХҮН

(Зургийн тайлбар: Автобусанд 30 орчим насны танихгүй ах миний мөрийг дэрлээд 5 буудал унтаж явсан нь...Өмнө нь дандаа хүн дэрлэж явдаг байсных энэ удаад энэ ах дэрлэгдээ, ядарсан л байлгүй...2021.10.03)  

        

            

     Жаргалсайханы Эгшиглэн 2022.11.22