Өнгөрсөн жилийн өдийд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэл 120 орчим км урт дараалал үүсч байсан билээ. 

Тухайн үед БНХАУ-аас баяр наадам, хорио цээртэй бараа, бүтээгдэхүүнийг шалгана гэсэн шалтгаанаар Монголын нүүрсэнд тавих хяналтаа чангатгаж, экспортын далд хориг тавьсан юм. 

Хэд хэдэн гэрээ хэлэлцээр өрнүүлж багагүй хугацаанд үргэлжилсэн гацааг арай хийн арилгасан ч энэ жил мөн л дээрхтэй ижил явдал тохиогоод байна. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтаар нэвтрэлт бараг гацаанд орчихоод байгаа аж. 

Ноднин нүүрс экспортын ид үед Гашуунсухайт-Ганцмодны боомтоор өдөрт 1500-1600 автомашин нэвтрүүлдэг байсан бол өнөөдөр 300-400 орчим машин л гарч байгааг албан бус эх сурвалж мэдээлэв. 

Тээврийн жолооч нартай холбогдоход өдөртөө дөнгөж 4-5 км урагшилж байгаа, дундажаар 12-13 хоног дугаарлаж байж л хил гарах болсон гэв.

Энэ удаагийн нүүрсний экспортын албан бус хоригийг Далай ламтай холбоотой гэх яриа гараад буй. Учир нь манай улсаас 10 дугаар Богдын хойд дүрийг тодруулах асуудлаар томилогдсон элч төлөөлөгч нар Далай ламыг зорьсон нь урд хөршийг албан бус хориг тавихад хүргэсэн байж болзошгүй гэх яриа гарчээ. 

Өмнө нь ч бас Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлал багагүй сүр дуулиан дагуулж БНХАУ Далай ламд виз олгосныг буруутган мэдэгдэл хийж байсан удаатай. Тухайн үед манай улсын Засгийн газар ийм зүйл болсонд харамсч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүйгээ гэдгээ ч амласан. Мөн Засгийн газар IX Богдын хойд дүр буюу X Богдыг тодруулахад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Манай улс амлалтынхаа хүрээнд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байсан батлаагүй юм. Уг хуульд бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон агуулгатай хуулийн төсөл боловсруулаад байсан билээ.

Гэсэн хэдий хэлсэндээ хүрээгүй нь Урд хөршийг хилэгнүүлэх шалтгаан болсон бололтой. Манай улс оны эхний 9 сарын байдлаар 27 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс зургаан хувиар өссөн дүн болж буй.

Өнгөрсөн жилийн албан бус хориг бараг 5 сар сарын үргэлжилж олон уулзалт айлчлалын дараа Гашуунсухайтын гацаа бага зэрэг намжаасан. Харин энэ удаагийн албан бус хориг хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Өнөөдөр тус бүр нь 2-3 тэрбум ам долларын экспортын орлого бүрдүүлж буй зэс, нүүрсний салбарыг оновчтой бодлогоор удирдаж чадвал нийлбэр орлого нь 10 тэрбум ам долларын босгыг хялбархан давах боломжтой гэдэг. Хэрэв энэ чигээр үргэлжилбэл Сангийн яамны 2019 оны төсвийн төсөлдөө тусгасан шиг 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө талаар болох магадлалтай.