Peak.mn
10 сарын 24, 2025
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ амжилттай удирдах ур чадвар, мэдлэг туршлага хуваалцсан, бүтээлч, шинэлэг санал санаачилгаар дүүрэн, хамтын өсөлтөд хөтөлсөн нэгэн үнэ цэнтэй арга хэмжээг ХААН Банкнаас Дархан-Уул аймагт өнгөрсөн лхагва гарагт зохион байгууллаа.
Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхийг сайжруулах, банкнаас олгож буй санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой “Women in business” арга хэмжээг анх удаа орон нутагт зохион байгуулсан бөгөөд газар тариалан, хөдөө аж ахуйн гол бүс нутаг Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ, Зүүнхараагаас нийт 150 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцсон юм.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монголын нийт хүн амын 82 хувьд хүрч ажилладаг, 2.9 сая харилцагчтай үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Тогтвортой хөгжлийн 5-р зорилго болох Жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихэд анхаарч, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн.

Энэ хүрээнд ХААН Банк олон улсын байгууллагаас татсан санхүүжилтийн нэлээд хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулж байна. Тухайлбал, 2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам доллар татан төвлөрүүлснээс 71 сая ам.долларыг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулна. Энэ оны эхээр бид Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 145 сая ам.долларын санхүүжилт авсан. Мөн өнгөрсөн зун манай банк дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа Жендэр бонд амжилттай гаргаж, тэндээс татан төвлөрүүлсэн 30 тэрбум төгрөгийг тусгайлан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах гэж байна. Энэ бүхний үр дүнд 2025 оны 9-р сарын 30-ны байдлаар эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон нийт зээлийн багц 1.83 их наяд төгрөг болсон. Манай нийт бизнесийн зээлийн багцын 25 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байна. ХААН Банкнаас бичил болон ЖДБ-ийн зээл авсан 52,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагийн 50 хувь буюу 25,866 нь эмэгтэй бизнес эрхлэгчид байна” хэмээн онцоллоо.

“Women in business” арга хэмжээнд ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Ч.Чинболд “Бизнесийн өсөлтийг дэмжих банкны онцлох бүтээгдэхүүн үйлчилгээ” сэдвээр илтгэл тавьсан бол Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Хамтын ажиллагаагаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь”, мөн мэргэжлийн бусад хүмүүс “Бизнестээ цахим шийдлийг нэвтрүүлэх боломжууд” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тус тус танилцууллаа. Мөн энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгчдээс гадна төр засаг, мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд эмэгтэй бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж, бизнесийн өсөлтөд хөтлөх боломжийг хамтдаа хэлэлцсэн юм.
Хамтдаа боломж, шийдлээ хэлэлцэхээс гадна ЕСБХБ-наас тодорхойлсон тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програм хангамжийн болон бизнесийн цахим шилжилтийн шийдлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэгч байгууллагуудын төлөөлөл цахим шилжилтийг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг энэхүү арга хэмжээний үеэр танилцуулсан нь онцлог байлаа.
ХААН Банк бизнес эрхлэгч харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойртуулж, 2023 оноос орон даяар “Бизнес төв”-үүд байгуулснаас гадна Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан сургалт, зөвлөх үйлчилгээг тогтмол хүргэж ажилладаг. Энэ хүрээнд 2020 оноос хойш 2,600 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг сургаж чадавхжуулж, бизнесээ амжилттай удирдах арга барил, ур чадвар олгоод байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк