“Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэгт хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдөр шинээр байгуулагдсан 37 цэгт ажиллан, “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ, хангамж, хүний нөөц сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт үнэлгээ хийлээ. Мөн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, сайтар баримтлан ажиллах заавар, чиглэлийг өгсөн юм.