ДЭМБ-ын Европын бүсэд Баруун Европоос Төв Азийг хүртэлх өргөн газар нутагт орших 53 улс харъяалагддаг. Тус бүс нутагт коронавирусийн аюул бүрэн арилаагүй хэвээр байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлэв. Учир нь, цар тахлын анхны дэгдэлтээс хойш гурван жил өнгөрч байгаа ч Европт 30 хүн тутмын нэг нь “ужиг ковид”-ын улмаас зовж шаналж байгаа аж. 

Европт 2020 оноос хойш 36 сая орчим хүн "Ковид-19"-ийн халдвар авчээ.

Копенхагенд болсон хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын бүсийн захирал Ханс Клуге “Ужиг ковид” гээч энэ сэдэв мэдлэг мэдээлэл нэлээд дутуу дулимаг “амаргүй байдал” болсон хэвээр байна. Иймд "Ковид-19"-ийн талаар бүрэн цогц ойлголттой болохын тулд хийвэл зохих ажил маш их байна” гэж онцолжээ. Мөн тэрбээр оношилгоо эмчилгээний цогц арга боловсруулахгүйгээр хүн ам цар тахлаас бүрэн гүйцэд ангижрах аргагүйг тэмдэглэсэн байна.

“Ужиг ковид” гэх нэр томъёогоор "Ковид-19"-ийн халдвар авсан нь батлагдсанаас хойших хэдэн сарын туршид шинэ тутам шинж тэмдгүүд илэрсээр байхыг илэрхийлжээ. 

Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ийм шинж тэмдэг 8-аас доошгүй долоо хоногийн туршид үргэлжилдэг. Нас, хүйс болон "ковид" анх тусахдаа хүнд, хөнгөн өвдсөн зэргээс үл хамаарч ийм урхаг үр дагавар тулгарч буй аж.

НҮБ-аас мэдээлснээр, Европт "Ковид-19"-ийн шалтгаант нас баралт долоо хоногт 1000-аас буураагүй байна. Улс орнууд "Ковид"-ын нас баралтын мэдээг хөтлөхөө больсонтой холбоотойгоор бодит тоо дээрхээс ч илүү өндөр байж болзошгүй ажээ.