УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэр төлсөнтэй холбоотой асуудалд Д.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг гаргаж ажиллаа. Энэ ажын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр сонслоо. 1998 оноос хойш Эрдэнэтийн зэсийн баяжмалын дор бизнес хийдэг улстөрийн ил, далд томоохон бүлэглэлүүдийн асуудал, 40 сая ам.долларыг төлсөнтэй холбогдуулан үүссэн нөхцөлтэй холбоотойгоор манай ажлын хэсэг өөрсдийнхөө тавьсан удирдамжийн дагуу ажлаад ирсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт зарим зүйлсийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэсэн албан тоотыг явуулахаар болсон. 

Эдгээрт:

-Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх, эсвэл зээлийн батлан даалт гаргасан нь хууль зөрчсөн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөл, байдал үүсэж байна. 

-Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны түр дансуудаар хувийн компанийн их хэмжээний мөнгөн гүйлгээг олон жилийн турш ашигласан. 

-Мөн борлуулалтын зуучлалын компаниуд зэсийн баяжмалын борлуулалтын орлогоос хийсэн хөрөнгө өөр дансаар дамжсан байж болох өндөр магадлалтай санхүүгийн луйвар сүлжээг зайлшгүй тогтоох шаардлага үүсэж байна. "Эрдэнэт" бол улсын үйлдвэр, зарим хүний хэлдгээр ард түмний өмч. 1998 оноос хойш зэсийн баяжмал дээр хийсэн бизнес энэ үйлдвэрийн бодит хохирол дээрээс улбаалан гарч буй зэргийг зайлшгүй нягтлан шалгах зүйтэй гэж бид үзэж байна.

-1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа гэх "Ocean Partners" компанийн зээл борлуулалтын санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж, дүгнэлт гаргах нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Үүнд тухайн үед ажиллаж байсан улс төрийн удирдах албан тушаалтнуудыг заавал хамруулан, нэгтгэн шалгах ёстой. Энэ бол Монгол Улсад учирсан бодит хохирол мөн. Өнөөдөр 40 сая доллараар яригдаж буй ч цаашид олон удаагийн давтамжтай үйлдэл гарах байх.

Тухайлбал, "Жаст" компани үүнийг 21 үйлдлээр давхардуулж хийсэн байгаа нь анхаарал татаж байна. Цаашид луйврын санхүүгийн схем байж болзошгүй энэхүү үйлдлүүдийг таслан зогсоох, ялангуяа зэсийн баяжмалын борлуулалтын асуудлыг ил тод болгох шаардлагатай. Нийт хохирол 143 тэрбум төгрөг болсон. Үүнийг буруутай этгээдүүдээр нь нэн яаралтай төлүүлж, улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Сая манай ажлын хэсгийг яваад ирэхэд 40 сая доллар дээр нэмэх нь зөвхөн энэ Стандарт банктай холбоотой өрийг барагдуулах зардалд 38 тэрбум орчим төгрөг гарсан байна. Энэ бол бодит хохирол. Үүнийг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн энэ луйврыг ярихаар эрх баригчид дуугүй байгааг бид буруутгаж байна. Хэрвээ асуудалд шударга хандъя гэж байгаа бол бүгдэд нь тэгш хандаж, үнэнийг нь олон нийтэд мэдээллэх шаардлагатай" хэмээн мэдэгдлээ.