МОСКВА. /RIA Novosti/. 2016 онд авсан зээлийн төлбөрийн талаарх санхүүгийн гэрээгээ зөрчсөн учраас “Deutsche Bank” Венесуэл улсын эзэмшлийн 20 тонн алтыг хураан авсан тухай Блүүмберг агентлаг баттай эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, 2016 онд байгуулсан гэрээний хүрээнд Венесуэл тус банкнаас 750 сая ам.долларын зээл авч, 20 тонн алт барьцаа болгон өгчээ. 2021 онд хугацаа нь дуусах гэрээгээр хүлээсэн үүргээ Венесуэл биелүүлээгүй учир “Deutsche Bank” гэрээг цуцалж, алтыг хураан авах шийдвэр гаргасан гэж мэдээлж байна.


Венесуэлд нүүрлэсэн эдийн засгийн хямрал удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд санхүүгийн болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүд байдлыг улам дордуулж байгаа юм. Олон улсын валютын сангийн шинжээчдийн урьдчилан таамагласнаар, 2019 онд Венесуэлийн ДНБ 25 хувиар, ирэх онд 10 хувиар буурах бол инфляцын түвшин 10 сая хувьд хүрэх төлөвтэй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг