УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ өргөн барьсан.

Үүний дараа Д.Хаянхярваа гишүүн өөрийн цахим хуудаснаа "Би Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ, Монгол Ардын намын Засгийн газар, Монгол Ардын намын дарга толгойлж байгаа энэ Засгийн газрыг огцруулахаар Монгол Ардын намын нэр бүхий 27 гишүүн өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж Монголын ард түмнээс уучлал гуйж байна. 

Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрах нөхцөл байдал үүссэн учраас бид Монгол Улсынх гэх нэг том эрх ашиг байхаас биш намын эрх ашигт захирагдах ёсгүй гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж өгнө үү гэж дөнгөж сая УИХ-д өргөн мэдүүллээ. Огцруулах болсон шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараахь үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна.

Үүнд:

- ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар нь тараасан Засгийн газрын гишүүд болон төрийн бусад албан хаагчдад ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй

- Үндсэн хуульд захирагдаж, төрийн хуулийн хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй Ерөнхий сайд гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж Монгол төрийн тогтворгүй байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй үйлдэл хийсэн

- Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан.

- Монгол Улсын төсвийг хэлэлцэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, дахин боловсруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч төсвийн хөрөнгөд тусгаж аж үйлдвэрийн цогцолборыг бий болгох чиглэлд анхаарах саналыг тавьсаар байтал 2019 оны төсвийг боловсруулж оруулж ирэхдээ уг асуудлыг оруулж ирээгүй. Төсөв батлагдсны дараа Ерөнхийлөгч бүхэлд нь хориг орж ирсэн. Хоригийг хүлээж авбал 2019 оныг төсөвгүй угтах, ингэвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гээд олон зардлыг санхүүжүүлэх боломжгүй болох ноцтой үр дагавар гарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж байгаа.
- Мөнгө угаах, оффшор бүсэд нуугдсан хөрөнгийг оруулж ирэх асуудлаар УИХ олон удаа ярьсан. Энэ асуудлаар Засгийн газар анхаарал хандуулаагүй.

- Төрийн хамгаалалтанд байдаг албан хаагч ажлын байран дээрээ алагдсан. Төрийн албан хаагчаа ажлын байран дээр хамгаалалтанд байхад нь хамгаалж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьдралд ноцтой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй

- Гадаадын тусгай албан хаагч Монголын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах үйл ажиллагаа явуулахыг завдсан. Үүнийг Монгол Улсын Засгийн газартай тохирсон гэж удаа дараа мэдэгдээд байхад өнөөдрийг хүртэл Засгийн газраас ямар нэгэн хариу өгөхгүй байгаа нь энэ үйлдэл нь өөрөө хүний эрх эрх чөлөөг хангах Үндсэн хуулийн тулгуур зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна" хэмээн нийтлэжээ.