Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "10 дугаар сарын 23, 24, 25-нд нийт 1189 хүний сорьцод шинжилгээ хийсэн. 1178 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин 11-ээс нь коронавирус илэрлээ.

Тодруулбал, 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Энэ нь 14 настай эрэгтэй хүүхэд. 10 дугаар сарын 23, 24-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр ачааны машины хоёр жолоочоос коронавирус илэрлээ. Эдгээр нь эрэгтэй бөгөөд 46, 50 настай ОХУ-ын иргэд байна. Мөн 10 дугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 8 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр 2-38 насны дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй байна. Улмаар сүүлийн гурав хоногт шинээр коронавирусийн 11 тохиолдол батлагдлаа. Тэдний 3 нь Монгол, 8 нь ОХУ-ын иргэн байна.

Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 339 боллоо. Үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 301-ийнх нь бүх ажиглалт, тандалт дууссан, гэрийн ажиглалтад 8 хүн, сувилалд 3 хүн байна.

ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж буйгаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 7 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 58 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд хянагдаж байна" хэмээлээ.

Дэлхийд нийт 42.5 сая хүн коронавирусээр өвчилж, нэг сая 147 мянган хүн нас барсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд 438.000 хүн коронавирусээр өвчилж, 5600 хүн нас баржээ.