Говь-Алтай аймгийн Бигэр сумын Зуслангийн гол хэмээх газар долоон настай хүү гэртээ байгаа бууг оролдож байгаад гэнэт сум алдан хажууд нь байсан ээжийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Мөн дүүгээ ч бас хүнд гэмтээсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан ээж нь 39 настай бол шархдсан дүү нь 5 настай аж. Уг буу нь ТОЗ-8 маркийнх ажээ.

Галт зэвсэг эзэмшигч зарим иргэд түүнийг хэрхэн хадгалах талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг хүргэж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 11-р зүйлд:

  • Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгална.
     
  • Харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг өмчлөг хуулийн этгээд галт зэвсгийг тусгай зориулалтын сейф, саванд сумнаас тусад нь хадгална.
     
  • Арав ба түүнээс дээш тооны галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлсан тоноглосон өрөөнд, зориулалтын сейф саванд сумнаас тусад нь хадгална.
     
  • Галт зэвсгийг хаясан болон бусад байдлаар үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор түүнийг бүртгүүлсэн нутаг, дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Галт зэвсгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын гох түгжигч хэрэглэхийг нийт галт зэвсэг эзэмшигчид ЦЕГ-аас анхаарууллаа.