АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй Дональд Трампын ажлыг сайшаан дэмжигчдийн тоо буурсныг “Gallup” төвийн долоо хоног тутмын санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Трампыг дэмжигчдийн тоо өмнөх үзүүлэлтээс дөрвөн хувиар буурч 40 хувьд хүрсэн байна. Санал асуулгад оролцогсдын 54 хувь нь АНУ-ын төрийн тэргүүний ажлыг сайшаахгүй байгаагаа мэдэгджээ.

Аравдугаар сарын 22-28-ны хооронд явуулсан санал асуулгад насанд хүрсэн 1500 хүн оролцсон байна.

Ирэх сарын 6-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгууль тус улсын улс төрийн ирээдүйд томоохон ач холбогдолтой. Уг сонгууль нь хууль батлах үйл явцад нөлөөлөөд зогсохгүй Конгресст Ардчилсан нам хяналтаа тогтоосон тохиолдолд Дональд Трампт импичмент буюу хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлж магадгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti