УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан.
 
Тодруулбал, түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдсан гэх хэргийн талаар хэвлэлээр мэдээлээд буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус мэдээллийг няцаалаа. 

Тэрбээр

“Миний төрсөн өдрөөр худал мэдээлэл тарааж, надад сюрприз барилаа. Улстөрчдөд тохиолддог энэ хэцүү амьдралын дунд 16 жилийг өнгөрүүлж байгаа хүний хувьд иймэрхүү зүйл гардаг гэдгийг мэднэ. Түүнээс биш надад яллагдагчаар холбогдсон ямар ч асуудал байхгүй. Тэр яригдаад байгаа компани надтай ямар ч хамааралгүй. Надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Тэр үеийн тендерийн хуулиар шийдэгдсэн асуудал. Ганцхан үнэн юм хэлье. Би ЖДҮ болон бусад сангаас элдэв мөнгө авч байсан удаагүй гэдгээ хэлчихмээр байна. Шалгагдсан уу гэвэл шалгагдсан, 2016 онд. Гэхдээ ямар ч үндэслэлгүй гэдэг нь батлагдаад хэрэгсэхгүй болгосон” гэлээ.