УИХ дах МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцлээ. Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонссон. Мэдээлэлтэй холбоотойгоор бүлгийн зүгээс 2 асуудалд анхаарах шаардлагатай гэсэн шийдэлд хүрлээ. 

1. Томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Тиймээс 2019 оны төсвийн тодотгол, 2020 оны төсөвт энэ чиглэлээр онцгой анхаарч, тодорхой хөрөнгө суулгах шаардлагатай. Үүнд доод тал нь 10 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлсэн.

2. Орныг тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Ялангуяа нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байна. Үүнд үе шаттай анхаарах нь зүйтэй гэж үзлээ" хэмээлээ.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Томуугийн асуудлыг өнгөрсөн 7 хоногт Улсын онцгой комисс, энэ 7 хоногт МАН-ын бүлгийн түвшинд авч хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний амбуляторын үзлэгт эзлэх хувь улсын хэмжээнд 8.4 байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзэгдэл. Шинэ оны дараа хүүхдийн орны ачаалал 74 хувиар хэтэрсэн байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эмнэлгүүдээр явахад ачаалал 3.6 хувь болсон байна.

Гэхдээ тайвширч болохгүй. Энэ өвчний вирус эргэлдсээр байгаа. Сар шинийн баяраар халдвар тарах магадлал өндөр. Сүүлийн 2 жил эмнэлгийн коридорт шалан дээр хүүхэд аваагүй. Яаралтай түргэн тусламжийн үед буцаахгүйгээр коридорт ор тавьж хүүхдийг авч байна. Өнгөрсөн 7 хоногт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулалтын ажил хийсний үр дүнд өнөөдөр аль ч эмнэлгийн коридорт хүүхэд авахгүй байгаа. 

Тухайлбал, Цэргийн госпиталд 78 ортой хүүхдийн тасаг нээж Баянзүрх дүүргийн 5 хороо, Чингэлтэй дүүргийн 2 хорооны хүүхдүүдийг үзэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлж, оронд нь хүүхдийн тасаг нээсэн. Энэ мэт зохион байгуулалт хийсний үр дүнд өнөөдөр эмнэлгийн коридорт хүүхэд хэвтэхгүй байх боломжийг бүрдүүллээ.

Цаашид бид томуу, томуу төст өвчин дэгдсэн үед гал унтраасан маягаар арга хэмжээ авах биш, хүүхэд бүрт хүрэлцээтэй ортой болох нөхцлийг бүрдүүлж ажиллъя гэж үзэж байна. Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барьж байгуулахад шаардагдах төсвийг шийдвэрлэх, мөн хүн амаа вакцинаар хангах асуудалд санхүүжилт нэмэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдэгдлээ.