Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь хар тамхи хэрэглэж, гэртээ хадгалдаг байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тэрээр 8 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад ирсэн аж.

Түүнийг өчигдөр өглөө 06 цаг 45 минутанд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийн БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Уг иргэн нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон. 

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэв.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.