Шөнийн цэнгээний газар хар тамхи хэрэглэсэн 24 залууг баривчилжээ

Х.Оргил
09 сарын 09, 2019

2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтын ажлыг зохион явууллаа.  

Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байв. Хар тамхи хэрэглэсэн гэх ХБНГУ-ын 2 иргэн нь тус цэнгээний газарт DJ хийхээр иржээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар, цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан юм. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газруудад тогтмол хяналт, шалгалтыг хийж байна. Хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байна.

Холбоотой сэдвүүд

мансууруулах бодис хартамхи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.