#Гоймон амтлах энгийн арга

Та паста гоймонтой хоол бэлтгэхээр төлөвлөж байна уу. Тэгвэл гоймонгоо амттай болгохын тулд дүрдэг цайгаа дахин ашиглаад үзээрэй. Эхлээд буцалсан усанд цайны хандаа хийнэ. Дараа нь дүрдэг цайгаа аваад тэрхүү усандаа гоймонгоо чанана.

#Тасалгааны ургамлын органик бордоо

Ашигласан ууттай цайгаа дахин буцалгаад хөргөөрэй. Энэ төрлийн усалгаа ургамлыг бүх төрлийн мөөгөнцрийн халдвараас хамгаалдаг гэдгээрээ давуу талтай. Цайны уут доторх хандыг нь гаргаад ургамлынхаа хөрстэй холих нь бордооны үүргийг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь гэртээ гаргаж авсан, хүний биед хоргүй органик бордоо болно.

#Таагүй үнэрийг дарагч 

Гутлын шүүгээгээ элдэв үнэргүй байлгамаар байна уу. Тэгвэл та энэхүү аргыг туршаад үзээрэй. Эхлээд ашигласан дүрдэг цайгаа сайтар хатаана. Дараа нь гутал руугаа хийгээрэй. Цайны уут эвгүй үнэрийг хурдан шингээж авдаг.

Хивс хивсэнцэрүүд удах тусам тоос шороо, угаалга цэвэрлэгээний үнэр шингэдэг талтай. Ийм үнэрийг ч бас ашигласан дүрдэг цайгаа ашиглаж арилгадаг. Эхлээд хэрэглэсэн цайны уутыг бүлээн усаар норгоорой. Дараа нь цайны уутыг онгойлгож, хивснийхээ дээгүүр жигдхэн тараана. Цайны орц буюу навч, жимсний үйрмэгийг хэсэг хугацаанд байлгаад тоос соруулагчаар соруулаарай. Хэрвээ тааламжтай сайхан үнэр шингээмээр байвал нимбэг, гаатай цайг сонгож болох юм.

#Шилэн гадаргууг гялалзуулагч

Цайны уутыг усанд дүрж хэсэг хугацаанд байлгана. Тэрхүү усаа ашиглан шил, шилэн эдлэл арчаарай. Илүү сайхан гялалзуулахын тулд хөвөнгүй даавууг ашиглаарай.

#Ядарсан хөлийг амраагч

Цайны найрлага дахь антиоксидант чанар нь арьсыг залуужуулах шидтэй. Үхэжсэн арьсыг гуужуулахад ч хамгийн үр дүнтэй.

Хэрвээ өндөр өсгийтэй гутал өмсөж ядарсан бол дүрдэг цайтай хувинд хөлөө дүрээд үзээрэй. Ингэснээр булчин суллаж, өвдөлт, хаванг хурдан хугацаанд буулгадаг. Зуны халуун өдрүүдэд заавал туршиж үзэхийг зөвлөж байна.

#Ангижруулагч, гялалзуулагч

Үсний өнгийг сэргээх, гялалзуулах энгийн боловч үр дүнтэй аргыг танд зөвлөе. Эхлээд дүрдэг цайгаа усанд хандална. Тэр усаараа үсээ зайлж, ангижруулагчийн оронд ашиглаарай. 

#Өөх тосыг арилгана

Аяга тавагны тосыг амархан арилгахын тулд ашигласан дүрдэг цайгаа хэрэглээрэй.Энэ нь аяга тавагт хуримтлагдсан нян бактерийг арилгадаг гэдгээрээ давуу талтай.

#Антиоксиданттай ванн

Цайны навч нь арьсыг залуужуулагч антиоксидантуудын нэгдэл юм. Усанд орохдоо ваннд дүрвэл биеийн үхэжсэн арьсыг амархан гуужуулна. Мөн арьсны халдварт өвчин тусах магадлалыг бууруулдаг байна.

#Агаар цэвэршүүлэгч болгон ашиглаарай

Ашигласан цайны уутандаа дуртай эфирийн тос сонгож багахан дусаагаад өлгөчих. Гэр, оффис, машиндаа өлгөж агаар цэвэршүүлэгч хэлбэрээр ашиглаж болно.